Тус аймгийн хэмжээнд 725 түүх соёлын дурсгал байгаагаас 314 нь Неолитын үеийн дурсгал байна. Түүх соёлын дурсгал гэдэг нь хөдөө хээр, байгаль дээр л задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туурийг хэлдэг. Өнөөдөр аймгийн хэмжээнд хадны сүг зураг 86, сүм хийдийн туурь 20 гаруй байна. Мөн Неолитын үеийн болон Монгол, Пазырык, Хүннү, Түрэгийн үеийн булш, хиргисүүрүүд бий. Түүнчлэн 171 буган, хүн чулуу хөшөө, 93 Түрэг, төвөд, монгол, манж тамга тэмдгийн бичгийн дурсгал байна. Сийлмэл, зос, бэхэн зургууд ч бий. Үүнээс 88 тахилын онгон, 25 нь тахилын овоо, 23 хуучны сүм хийдийн туурь, дөрвөн хуучин нэгдлийн ул мөр бүхий газар байна. Эртний хотын туурь гэхэд гурав, түүхэн дурсгалт байшин, хэрмэн зам, агуй оромж гэхэд 10 орчим бүртгэгдээд байна гэж аймгийн Соёлын хэлтсээс мэдээлэв.
Одоогийн байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд аймгийн хэмжээнд зургаан түүх, соёлын дурсгалыг улсын хамгаалалтад, таван түүх, соёлын дурсгалыг аймгийн хамгаалалтад авсан байна.