Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч Г.Гантулга: 19 настай хүү анх улс төрд орчихоод шоконд орж байлаа


Өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигчээр 19 настай Г.Гантулга сонгогдож байлаа. Тэрбээр Төв аймгийн Баяндэлгэр сумын МАН-аас нэр дэвшиж, сумын ИТХ-д ялалт байгуулсан билээ. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн залуу төлөөлөгч хэрхэн ажилласан талаар ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу. Ажил нь тавтай юу?
       -Сайхан хаваржиж байна аа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас сонгогч нартайгаа уулзаж чадалгүй, цахимаар ажиллалаа. Хэдийгээр цар тахалтай байсан ч орон нутагт минь олон өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн.
-Хоёр жилийн хугацаанд хэдэн удаа хуралд сууж, ямар ажлуудыг амжуулахад гар бие оролцсон бэ?
           -ИТХ хоёр жилийн хугацаанд найман удаа хуралдсан байдаг. Сумын ИТХ жилд 2-3 удаа хуралдах заалттай юм билээ. Шаардлагатай тохиолдолд албан бус хурал зарлаж, шийдэх ёстой ажлуудаа хийгээд явдаг. Бид найман удаа хуралдахдаа таван удаа цахимаар хуралдсан. Засгийн газар “Залуучуудыг дэмжих хөгжлийн сан”-г байгуулахаар болсон. Үүн дээр үндэслэн “Залуусыг дэмжих хөгжлийн бодлого” баталж, залуу гэр бүлийг малжуулах, ажлын байраар хангах талаар мөрийн хөтөлбөрт тодорхой ажлууд тусгагдсан байгаа. Энэ дагуу ажлаа хийж байна. Сумын төсөв батлах хурал болж, “Сум хөгжүүлэх сан”-гаас залуу малчдыг дэмжих төсөв баталж өгсөн. Дараа жил нэг залуу малчинд буцлалтгүй тусламжаар таван сая төгрөгийн мал олгох боломж бүрдсэн.
-Улс төрд орж, иргэдийн төлөө ажиллах ямар байна вэ?
           -ИТХ-д сонгогдсоны дараа нэг хэсэг “Би юунд, яах гэж ороод ирэв ээ” гэж бодогдсон. Сонгогдсоны дараа олон газраас ярилцлага авч, тэр хэрээр олон хүн сайн, муугаар хэлж байсан. Утас байнга дуугарч, элдэвээр хэлж байлаа. Тийм учраас тухайн үедээ ингэж бодсон хэрэг. Одоо ч хүмүүс намайг мартаад амар болжээ. Би залуучуудыг төлөөлж, залуу малчдаа, багийнхаа иргэдийг төлөөлж, дуу хоолойгоо нэгтгэхээр ИТХ-д нэр дэвшсэн. Би тэдний төлөө ажиллахаар л сонгогдсон.
-Сонгогчид өөрийг тань хэрхэн хүлээн авч байсан бэ. Одоо ямар хандлагатай болсон бэ?
-Сонгуульт ажил эхлэхээс өмнө сонгогчдын хандлага хэр байх бол, 19 настай гэхэд хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас битүүхэн төрж байсан. Гэтэл сурталчилгаагаа хийгээд явж байхад энэ бодол ихээхэн өөрчлөгдсөн. Хүмүүсийн хандлага, хүлээж авч буй байдал нь маш өөр, шинэ залуу үеийн төлөөлөл болоод, бидний хүүхдийг чиглүүлж, шинийг эрэлхийлээд явж чадах юм байна гэх хандлагатай байлаа. Одоо ч биднийг дэмжиж, итгэл хүлээлгэж байна. Мөн дахиад ямар ч сонгуульд 19, 20 настай залуус нэр дэвшихэд гайхаж хүлээж авахааргүй болсон доо. Анх бол "Энэ 19 настай, сургуулиа ч төгсөөгүй хүүхэд юу хийж, ямар хувь нэмэр оруулж чадах вэ дээ" гэж харж байсан байх. 
-Таны тойргийн хүмүүст хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
             -Иргэд маань асуудал байвал төлөөлөгч, багийн дарга нартаа хэлээд, хурлаар шийдээд явдаг юм. Манай ойргийн иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь малын бэлчээр.  Манай суманд газар тариалан бас явагддаг. Тэгэхээр тариаланч, малчин хоёрын дунд үл ойлголцол үүсэж, газар нутгаа булаацалдаж байна.
-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой юм бэ?
            -Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрсдийн эзэмшлийн буюу тариа тарих газраа хашаалж, хамгаалах. Малчдыг тариалан эрхэлж байгаа газраас 500 метрээс дотогш малаа оруулахгүй, бэлчээхгүй байхыг анхааруулж, хоёр талыг уулзуулж, гарын үсэг зуруулсан. Хаана, хаанаа л амьдрал явагдаж байгаа учраас хоёр талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой гэж бодож байна.Тариалангийн талбайгаа хашаалж, хамгаалаагүй байж малчдыг, малыг ад үзээд байж болохгүй. “Хашаагүй юм чинь малаа хааш нь ч бэлчээсэн яадаг юм” гэсэн хандлагаар хандаж, бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж боллохгүй гэж боддог.
-Дараагийн сонгуулиар нэр дэвших үү?
           -Одоогийн байдлаар шийдээгүй байна. Дараагийн сонгуульд нэр дэвшихгүй байх гэсэн бодолтой байгаа. Өөрийнхөө боловсролд анхаарч, сурч мэдэх зүйлээ мэдчихээд хэдэн жилийн дараа дахиж сонгуульд нэр дэвших бодолтой байгаа.
-Их сургуулиа төгссөн үү?
           -Би сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшээд, одоо ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн IV дамжаанд суралцдаг. Энэ жил их сургуулиа төгсөнө.
-Залуу нэр дэвшигчийн хувьд тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Би сумынхаа залуучуудыг төлөөлж, хурал оролцож байгаа. Сумынхаа залуучуудын холбоотой хамтраад ажил хийе гэхээр төсөв байдаггүй. Ямар нэгэн ажлыг санаачилж, хэрэжүүлэх гэхээр хэн нэгнээс хандив, тусламж гуйх шаардлагатай болдог. Албан байгууллагын хаалга татаж, хувь хүнтэй уулзах хэрэг гардаг юм билээ. Алслагдсан сум, суурингийн залуучууд нэгдээд ажиллах, сум, орон нутаг, залуучуудынхаа төлөө ажиллах гэхээр төсөв байхгүй болохоор хэцүү байдаг гэдгийг ойлгож байна.
-Танай суманд таны үеийн залуучууд хэр олон байдаг вэ. Ажлын байр хангалттай байж чаддаг уу?
-Манай суманд бидний үеийн залуус ховор. Бүгд л сургуулиа төгсөөд, төв суурин газар бараадаж, ажилтай болдог. Би ИТХ-ын төлөөлөгчийн хувьд залуучуудыгаа сумандаа ажиллаж, амьдрах боломж бололцоогоор хангах юм сан гэж бодож явдаг. Тийм ч учраас эхний удаад ядаж 10 залууд тэтгэлэг олгож, сургалтын төлбөрөөс нь төлөлцөж, төгсөөд сумандаа ирж ажиллах нөхцөлтэйгөөр дэмжих, ажлын байраар хангахаар сум орон нутгийн удирдлагууд ярилцаж байгаа. Залуу боловсон хүчин хомс учраас энэ ажлыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ