“АПУ”-гийн нэрийн өмнөөс энэ удаагийн сонгуульд Б.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин нар дэвшиж байгаа. Улс төр, бизнест хамгийн их нөлөө бүхий энэ группыг бизнес талаас нь П.Батсайхан толгойлдог. Харин энэ удаагийн сонгуулиар улс төрийн нөлөөгөө идэвхижүүлэхээр Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгаас, дүү П.Батчимэг нь Дорнод аймгаас, “АПУ”-гийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Б.Түвшин ХУД-ээс нэр дэвшиж байна. “АПУ”-ын П.Батсайхан энэ удаад бараг л Ардчилсан намыг худалдаад авчихлаа гэх шуудм өртөөд байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад АПУ-гийн нэр дэвшигчдийн ХОМ-ийг хүргэж байна.
-П.Батчимэг хагас тэрбум давсан хадгаламжтай-
НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү гэдгээрээ олон нийтэд танил. П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болж байсан. Харин энэ удаад Хан-Уулд биш АН-ын даргаар нь багагүй хугацаанд ажилласан гэдгээрээ дөрөөлөн Дорнод аймагт нэр дэвших нь.
-Б.Ганхөлөг нэг тэрбумын орон сууц, 18 тэрбумын өв залгамжлалтай-
Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр зоримог шийдэж, Өвөрхангай аймгаас дэвшинэ. Өнгөрөгч намраас Өвөрхангай аймгийн сумдуудад ажиллаж тойргоо тойглож эхэлсэн. Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, эл сонгуулиар эхлүүлэхийг зорьж АН-аас мандатаа аваад байна.
-Б.Түвшин 6.3 тэрбумын орон сууц, 3.3 тэрбумын авлагатай-
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт АН-аас НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин нэр дэвшинэ. Гэхдээ тэр төлөөлөгч гэхээс илүү “АПУ”-гийнх гэгддэг. Мань хүн тэнд Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан болохоор тэр л дээ. Гэхдээ олонд тэр бүр танигдаагүй Б.Түвшин НИТХ-ын төлөөлөгч хэрнээ “давхар дээл”-тэй буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Удирдах зөвлөлийн гишүүн гэх хэл аманд өртөж байв.
У.Уян
Эх сурвалж: eguur.mn