Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОХИРОГЧИЙН АР ГЭР: Сумын цагдаа нөхрийг маань хоёр цаг зодож, биеийг нь хөх, няц болгож, толгойд нь хүнд гэмтэл учруулсан


-ЦАГДААГИЙН ХЭСЭГ ДЭЭРЭЭ ИРГЭН Ц-Г ЗОДОЖ, БИЕД НЬ ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ГЭХ СУМЫН ЦАГДАА А-Г СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

          Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын оршин суугч Ц.Дүүрэнбилэг цахим хуудсаараа дамжуулан нөхөр Ц-г нь сумын цагдаа А гэгч цагдаагийн хэсэг дээрээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар мэдээлсэн. Бид үүнтэй холбоотойгоор хохирогч Ц-гийн гэр бүлийн хүн Ц.Дүүрэнбилэгтэй холбогдож, тодрууллаа.
-Таны гэр бүлийн хүнийг Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн алба хаагч А цагдаагийн хэсэг дээрээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар та цахим сүлжээндээ мэдээлсэн. Энэ талаар уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү. Тухайн үед яг юу болсон юм бэ?
          -Цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд сумын цагдаа А нөхрийг маань цагдаагийн хэсэг дээрээ хоёр цагийн турш зодож, биед нь маш хүнд гэмтэл учруулсан. Тухайн өдөр нөхөр маань согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир сумын цагдаагийн хэсэгт эрүүлжүүлэхээр өгөхөөр цагдаа дуудсан. Дуудлагын дагуу цагдаа ч ирж, нөхрийг маань авч явах үед би цаг харахад 18:38 цаг болж байсан. Гэтэл хоёр цаг орчим хугацааны дараа 20:25 цагт бие нь хөх, няц болсон, босож ч зогсож чадахгүй болтлоо зодуулсан нөхрийг маань гэрт оруулж өгчихөөд явсан.
-Та цахим сүлжээгээр мэдээлэхдээ “Шинийн таван” гэсэн байсан шүү дээ. Энэ сарын 6-нд яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээл өгөхгүй юү?
          -Манай хүн сумын цагдаа А-д зодуулсандаа шаралхаад өнгөрсөн шинийн таванд сумын цагдаагийн хэлтэст хүрч очсон байна лээ. Гэтэл нөгөө цагдаа нь дахиж зодоод толгой руу цахилгаан бороохойгоороо цохиж, цээжин дээгүүр нь цахилгаан бороохойгоо гүйлгэсэн гэсэн. Бүр толгойдоо хүнд гэмтэл авч, цочирдсондоо нөхөр маань өмдөндөө хүндэрчихсэн байсан.
-Мөнххаан сумын цагдаагийн алба хаагч А тантай холбогдсон уу?
          -Сумын цагдаа А нөхрийг маань зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй олон хоног гүрийсэн. Харин өчигдөр манай гэрт ирснээ “Би танай нөхрийг зодсон нь үнэн. Гэхдээ толгой руу нь цохиогүй. Бас би битүүний өдөр танай нөхрийг зодоогүй. Та нар Ц-г өөр хүнээр зодуулчихаад намайг гүтгээд байна” гэж хэлсэн.
          Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хоёр цагдаа дуудлагаар ирж, А-г шалгаж байгаа гэсэн. Аймгийн цагдаагийн газраас ирсэн хоёр цагдаа нь ч мөн надаас “Та нар буруу, ташаа мэдээлэл хүмүүст хүргээд байгаа юм биш биз” гэж асууж байна лээ. Би “Битүүний өдрийн сумын цагдаагийн хэлтсийн хянах камерын бичлэгийг харъя” гэхээр нуугаад, харуулахгүй байгаа юм.
-Танай гэр бүлийн хүний биеийн гэмтэл хэр байгаа вэ. Дээрдсэн үү?
          -Нөхрийн маань бие тэр чигтээ хөхөрч, хавдсан. Босож ч чадахгүй байгаа. Бас толгой нь хөдөлсөн байсан учир хэд хоногийн турш бариачид бариулсан. Гэсэн ч сайнгүй байгаа болохоор аргаа бараад сумын эмнэлэгт хандсан юм. Сумын эмнэлгээс “Толгойны гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар аймгийн төв орж, рентген зураг авахуулсан” гэсэн. Манай гэрийнхэн Ц-г эмнэлэгт үзүүлж, толгойны рентген зураг авахуулахаар Сүхбаатар аймгийн төв ирээд байгаа. Маргааш өглөө нөхрийнхөө толгойны рентген зургийг даруулж, холбогдох байгууллагад хандана. Мөн ХЭҮК-т сумын цагдаа А-гийн талаар гомдол гаргана.
          Ямар цагдаагийн алба хаагч хамгаалах ёстой иргэнээ босож чадахгүй болтол нь зоддог байсан юм бэ. Би энэ хэргийн талаар зохих ёстой газар нь гомдол гаргаж, хуулийн дагуу шийдүүлэх болно.
Бид уг хэрэгтэй холбоотойгоор хохирогч Ц-гийн оршин суудаг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... багийн Засаг дарга Б.Анхбаяртай холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхрөө эхнэр нь сумын цагдаагаа дуудаж, эрүүлжүүлэхээр явуулсан юм билээ. Эхнэр Ц.Дүүрэнбилэгийнх нь мэдээлж байгаагаар сумын цагдаа А гэгч нь нөхрийг нь зодож, босож чадахгүй болгосон гэсэн. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгалт хийж байгаа. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Мөн иргэн Ц-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх сумын цагдаагийн алба хаагч А-тай холбогдох гэтэл түүний 8879.... дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр цуцалсан байсан юм.


https://ergelt.mn/news/59/single/18000
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ