Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчдын өдөрлөг буюу соёлоороо гоёсон малчид


Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас “Малчдын нэгдсэн сургалт, өдөрлөгийг энэ оны 1 дүгээр сарын 13-14-нд зохион байгууллаа.
Энэ жил Эрдэнэ сумын нутгаар цасгүй, салхи тогтуун дулаахан өвөл болж байна. Тиймээс мал сүрэг тарган,малчид сэтгэл тэнүүн өвөлжиж байгаа аж.
Малчдын өдөрлөгийг нээж сумын Засаг дарга И.Батсүрэн хэлэхдээ “Малчин түмэн та бүхнийхээ хөдөлмөр алдрыг тэмдэглэх 2022 оны “Малчдын нэгдсэн сургалт өдөрлөг”-ийн бэлтгэл ажлыг сумын ЗДТГ-аас хангаж, албан ёсоор эхлүүллээ.
Сумын маань хөгжлийн тэргүүлэх чиглэл хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн онд амжилт бүтээл багагүй байлаа. Сүүлийн таван жил Эрдэнэ сумын мал сүрэг тогтвортой өсч, өнгөрсөн онд 177 мянга 414 толгой буюу таван төрлөөр өслөө, сумын хэмжээнд 45 мянгат малчин төрөн гарсан, малчин өрх 346 болж нэмэгдсэн. Эрхэм малч түмний минь ажил үйлс өөдрөг, гэр бүл нь аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн  дэвшүүлье” гэв.

Малчдын өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр нар сумын малчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгаас мал аж ахуйн салбарт хийж буй ажил үйлчилгээг тоймлон хүргэсэн байна.
Сумын ЗДТГ-аас өдөрлөгийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж зохион байгуулсан нь харагдаж байлаа. Өдөрлөгт ирсэн малчдад заавар зөвлөмж өгч, сумаас хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл, нутгийн сонинг тарааж байсан юм.
Малчдын сургалт өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 329 малчин өрхийн 297 малчин оролцлоо. Жилийн дөрвөн улиралд малаа адгуулж чөлөөзавгүй ажилладаг малчин түмний хувьд малчдын нэгдсэн өдөрлөгөөрөө өөр хоорондоо уулзаж, амьдрал ахуйгаа ярилцан, тэмцээн уралдаанд оролцож хамтдаа хэсэгхэн хугацааг өнгөрөөдөг чухал үйл ажиллагаа билээ.

Жилдээ нэг болдог малчдын өдөрлөгөө малчид ихэд санажээ. “Ковид” цар талхаас үүдэж сүүлийн хоёр жил  өөр хоорондоо уулзалдаагүй малчид дээлээрээ гоёж, сайхан тэмээгээ унаж ёстой л ах дүү хамаатан саднаараа цугларсан юм шиг яриа дэлгэж, дурсамж хөглөн, жилийн ажлынхаа хөдөлмөрийг дүгнүүлэн шагнуулж, үдэш сумын соёлын төвд танц эргэсэн юм. Ковидын нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн хэмжээнд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг энэ оны нэгдүгээр сарын 15-ны 06.00 цагаас эхлэн хориглосон.
Харин Эрдэнэ сумын ЗДТГ-аас эл шийдвэрээс өмнө малчдын өдөрлөгөө амжиж зохион байгуулсанд малчид сэтгэл хангалуун байлаа. Өдөрлөгийн үеэр сумын малчдын сэтгэгдлийг сонсслоо.

Монгол Улсын гавьяат малчин Д.Бат-Өлзий: Халдварт өвчнөөс болоод ойрд уулзалдаагүй малчин түмний сэтгэл хангалуун байна
Өнөөдөр сумын ЗДТГ-аас малчдын өдөрлөгийг зохион байгуулж байгаад малчин хүний хувьд санаа сэтгэлд нийцсэн сайхан үйл ажиллагаа болж байна.“Ковид-19” цар тахлаас шалтгаалж ойрын хоёр жилд ийм үйл ажиллагаа зогссон байлаа.

Миний хувьд залуу насандаа Эрдэнэ сумынхаа “Амьдралын зам” нэгдлийн адуучин явлаа. Завсарт нь төлөг шүдлэн мал малласнаас гадна худгийн моторчинхийж явлаа. Зах зээл эхлэх ерээд он хүртэл нэгдлийн малыг 19 жил маллахдаа дутааж явсангүй, хариуцлага алдаж байсангүй. Энэ олон жилийн ажлыг минь үнэлж төр засаг маань надад гавьяат малчин цол хүртээсэн байх. Адуу бол хийморьтой золбоологамьтан.
Эр тэнцэж малладаг,адуучнаас тэвчээр зориг шаардах нь бий. Тиймээсзалуус дүү нартаа хандаж хэлэхэдцаг нийгэм орчин маань өөр болж байна. Уйгагүй хөдөлмөрлөөрэй, ухаан санаагаа тэлж яваарай, улс эх орондоо ихийг бүтээгээрэй гэж л ерөөх байна.

Дөрвөлж багийн аймгийн аварга малчин Д.Ганзориг:Мал сүргээ таван төрлөөр өсгөсөн

Сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа малчдын өдөрлөгөргөн дэлгэр сайхан болж байна. Малчид бид чинь малчдынхаа өдөрлөгөөр л өөр хоорондоо уулзаж адуу малаа асууж, ажил амьдрал, сонин сайхан бүхнээ хуваалцдаг шүү дээ.Ойрын хоёр жил малчдын өдөрлөг болоогүй учраас бидний хувьд сэтгэл хангалуун байна.Миний хувьд аав ээжийнхээ гар дээр өсөж бойжин, дараа нь цэрэгт явж ирээд 1996 оноос хойш буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өнөөдөр мянгат малчин боллоо. Мөн мал сүргээ уналга эдэлгээнд хэрэглэхээс гадна сааль сүүгээ базааж өөрийн болон бусдын хэрэгцээнд ашиглаж байна.

Бүрдэнэ багийн мянгат малчин Э.Дэлгэрмөрөн:Малчдын өдөрлөг сайхан болж байна

Ойрын хоёр жил “Ковид-19” цар тахлаас шалтгаалж малчдын өдөрлөг болоогүй юм. Энэ жил сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа малчдын өдөрлөг сайхан болж байна.
Манай нөхрийгГ.Алтантогтох гэдэг. Бид гэр бүл болоод 12 жил болж байна. Хамтдаа малаа малладаг. 2011 онд сумын аварга малчин, 2021 оны ажлаараа сумын мянгат малчин боллоо. Сэтгэл өндөр байна. Мал сүргээ таван төрлөөр нь өсгөж байна.
Бид залуу хүмүүс тул туслах малчин авалгүйгээр зөвхөн өөрсдөө л малаа малладаг. 2015, 2016, 2017 онд сумын шилдэг цагаан идээтэй өрх, 2019 оны дэд байр, 2022 онд шилдэг цагаан идээтэй өрхөөр дахин шалгарлаа.
Өдөрлөгийн үеэр “Сумын аварга малчин өрх”-өөр долоон өрх, “Сумын аварга саальчин”-аар нэг малчныг шалгаруулж шагнаж урамшуулсан бол ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр таван иргэн, аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр таван иргэн, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр дөрвөн иргэн, сумын ИТХ-ын даргын өргөмжлөлөөр гурван иргэн, сумын Засаг даргын өргөмжлөлөөр таван малчныг шагнасан байна.
Сумын 2021 оны “Тэргүүний баг”-аар Бүрдэнэ баг, тэргүүний усны бүлгээр Бүрдэнэ багийн “Сухай, тавангийн усны бүлэг” шалгарсан бол мал сүргээ таван төрлөөр тогтвортой өсгөж 2020, 2021 онд 1000 толгойгоос дээш мал тоолуулсан  20 мянгат малчинд батламж хадгалуулжээ.
Малчдын нэгдсэн сургалт өдөрлөгөөр уламжлал болон зохиодог “Иргэн бүр санаачлагч-өрх бүр үйлдвэрлэгч“ үзэсгэлэн худалдаанд хөдөөгийн дөрвөн багийн малчид үйлдвэрлэсэн сүү цагаан идээ болон оёдол, суран эдлэл,ноосон эдлэл,  нэхмэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.
Үзэсгэлэн худалдаанд нэг аж ахуй нэгж байгууллага, 18 малчин, иргэд сүү, сүүн бүтээгдэхүүн, суран эдлэл, ноос, ноосон эдлэлийн төрлөөр оролцож “Хамгийн сайхан идээтэй өрх”-өөр Бүрдэнэ багийн малчин Г.Алтантогтохын гэр бүл, дэд байрт Бүрдэнэ багийн малчин Б.Ганболдын гэр бүл, “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр  Еншөөв багийн малчин Ж.Мөнх-Очир, дэд байрт  Цагаанхөтөл багийн малчин Л.Батсүрэн нар шалгарчээ.
Хурдан тэмээний уралдаанд 15 тэмээ, хурдан торомны уралдаанд 14 тором оролцсон бол“Тэмээн поло” тэмцээнд хөдөөгийн 4 багийн 6 баг тамирчид оролцсонюм.“Хөдөөгийн хүчтэн” цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг 1 дүгээр сарын 12-нд зохион байгуулж 32 залуучуудыг хамруулжээ.

Малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийн гар бөмбөгийн тэмцээнийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд долоон багийн 49 тамирчин  21 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнбайна. Үүнд тэргүүн байрт Дөрвөлж багийн тамирчид, дэд байрт Еншөөв багийн тамирчид, гутгаар байрт Бүрдэнэ багийн тамирчид шалгарчээ.

Малчдын өдөрлөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, сумын эрүүл мэндийн төвтэй хамтран 155 иргэнд халдварт бус өвчнөөс сэргийлэх артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, элэгний хавдар илрүүлэг, хөхний хавдар илрүүлэг, умайн хүзүүний хавдар илрүүлэг зэргийн үзлэг, тухайн өвчнөөс сэргийлэх талаар мэдээллийг хийж, 155 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулсан байна.
Ийннхүү домогт Улаан уулын отрядаар овоглодог Эрдэнэ сумын малчид нэг өдрийг соёлоор гоёж, инээж баясч, уралдан тэмцэлдэж, дуулж бүжиглэн дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ