Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Таримал ургамлын үр, сортын тухай /Шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
 
Г.Занданшатар: Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдэнэ 
Дараа нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.
Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан тогтоолын төслийн 1.4 дэх дэд заалтын “Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;” гэснийг “Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхжүүжилт авахгүй байх;” гэж өөрчлөхөөр саналын томьёолол боловсруулсныг Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.
 
сонин mn
 
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг баримтлан санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тул тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтын “хувьд” гэснийг “хувь /Эрдэнэс Оюу Толгой ХХК/-д” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.
 
сонин mn
 
 
 
Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Түр хороо байгуулах тухай” 30 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан билээ.
 
Анх 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байгуулагдсан уг Түр хороо 2021 намрын ээлжит чуулганы хугацаанд дахин нэг удаа сунгагдан ажиллаж, байгуулагдсан цагаас хойш нийт 11 удаа хуралдсанаас 7 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдсан.
 
Энэ хугацаанд Засгийн газарт нийт 4 удаа чиглэл өгч Засгийн газрын ажлын хэсгийн явцыг сонсож шийдвэрийг цаг тухай бүр хурдан шуурхай гаргаж ажилласны зэрэгцээ түр хороо хуралдаанаараа “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээллийг тухай бүр сонсож, Улсын Их Хурлын Түр хороо болон Засгийн газрын ажлын хэсэг амжилттай хамтран ажилласан.
 
УИХ-ын дарга, Түр хорооны дарга, зарим гишүүдийн төлөөлөл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах асуудлаар Рио Тинто компанийн төлөөллүүдтэй уулзалт хийж нэгдсэн ойлголтод хүрсэн.
 
Засгийн газар, Түр хорооны ажлын үр дүнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.
 
Уг тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд цаашид хийнэ.
Энэ хүрээнд Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой юм.
Рио Тинто, TRQ компаниудын зүгээс далд уурхай ашиглалтад орж эхлүүлэх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, Оюу толгой ХХК цаашид нэмэлт өр үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа нь сайшаалтай. Ингэснээр Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдэх юм.
 
Оюу толгой ордыг хамтран ашиглах үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ цаашид амжилттай хийгдэж Монголын ард түмний хүлээж буй өгөөж хүртэх нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байна гэлээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Мөн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын гишүүдээс асуулт асуугаагүй хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төсвийн тухай хуулийн 42.1 дэх хэсгийн “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ”, 42.7 дахь хэсгийн “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь сөрөг үр дагавартай, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу төсвийн тодотгол хийж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчимд харшилж байгаа учраас хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн саналыг дэмжиж байгаа талаар тус тус үг хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь уг саналыг дэмжсэн гэлээ.
 
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслүүдийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
 
"Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ 
Дараа нь "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
 
сонин mn
 
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 багц асуудлаас  бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа.
Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхцсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна.
 
Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёрдахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.
Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас шийдэл ч мөн ер бусын байхыг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа.
Монгол Улс хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бүх Засгийн газар, бүх Ерөнхий сайд нарын гол асуудал энэхүү санхүүгийн асуудал байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
 
сонин mn
 
Орлого талын асуудалд төдийлөн төвлөрч чадахгүй, зарлага талаа сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт үүсгэн тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй цар тахлын энэ цаг үед бодитоор нүүр туллаа.
Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг идэгдсээр байх болно.
Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ гэлээ. /Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/
 
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. 
сонин mn
 
Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм” гэж тодорхойлсон ч Хөгжлийн бодпого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “...Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх” гэсэн шалгуурыг хангаагүй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тодорхой зарчмууд болох “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх”, “зорилго, зорилт хэмжигдэхүйц байх”, “төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх”, “шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх”, “оролцогчдын хариуцлагын зарчим”-ыг тус тус баримтлаагүй. Энэ нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.9-д заасан “Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардпагыг хангаагүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахгүй байх.” гэснийг зөрчихөд хүрч байгаа талаар анхааруулж, тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл хуульд нийцэж буй талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийн бодлого гэж эдийн засгийн төсөл байх ёстой, зөв төслүүд орж ирсэн учраас дэмжиж байгаа, эдийн засагт зохих нөлөө үзүүлэх дэд бүтцийн чиглэлээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чухал ач холбогдолтой, цөөхөн төслийг Засгийн газарт өр үүсгэхгүйгээр богино хугацаанд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн сайн гүйцэтгэж байгаа ажилд төр оролцохгүйгээр хамтран ажиллаж дэмжих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төслийн 4 дүгээр хавсралтад заасан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төслөөр ямар хяналт шалгалтыг төр зогсоож байгааг тодорхой болгох, хяналт шалгалтыг давхардуулахгүйгээр хийх, ингэснээр бидний хэрэгжүүлэх гэж байгаа том зорилт саадгүй биелэх боломжтой болно гэсэн саналуудыг хэлсэн байна.
 
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар тодруулсан.
Сангийн сайд Б.Жавхлангийн хариулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудад хүрэх 20 төсөл, арга хэмжээ бий аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд төгрөгийн санхүүжилт, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай аж. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох гэлээ. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн хариултыг өгсөн. Хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ