Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дараах 9 өөрчлөлтийг оруулж байна. Үүнд:
ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ХУРАЛДААНЫ ЦАГИЙГ СУНГАНА
1.Улсын Их Хурлын гишүүдийг нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж, 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохтой холбогдуулан хуралдаан дуусгах цагийг 18.00 байхаар тодруулжээ.
ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД САНАЛАА ХҮРГҮҮЛЭЭГҮЙ БОЛ ТУСГАЙЛАН ӨГӨХ САНАЛГҮЙД ТООЦНО
2.Хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлж, хэрэв заасан хугацаанд саналаа хүргүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүйд тооцохоор төсөлд тусгажээ.
ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ЧУХЛААС НЬ ЭРЭМБЭЛНЭ
3.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурлын тогтоолоор батлахдаа өргөн мэдүүлсэн төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан төслийг оруулах үндсэн зарчим баримталж, харин Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах тодорхой зохицуулалт хийжээ.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТАД ОРСОН ХУУЛИЙГ ХЭЗЭЭ ХЭЛЭЛЦЭХ ДАРААЛЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО
4.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурал тогтоолоор баталж, тус тогтоолд багтсан төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод хэлэлцэх асуудлыг цаглавараа өөрсдөө баталж, дотооддоо дагаж мөрдөж байхаар илүү тодорхой зохицуулалт хийлээ.
ХУРАЛДААНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛБАЛ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ 3 ХҮРТЭЛ УДАА ХАСНА
5.Хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгоно. Үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болно.
Түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар хугацааг уян хатан байдлаар тодорхой заасан.
Гэхдээ зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарна.
ГИШҮҮДИЙН ОЛОНХИ ДЭМЖВЭЛ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ШУУД ДАМЖУУЛАХГҮЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА
6.Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор гишүүдийн олонх дэмжвэл холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хуралдааны үйл явцыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахгүйгээр зохион байгуулж болох, хэрэв ийнхүү зохион байгуулбал хуралдааны талаар тухайн Байнгын хорооны дарга, томилсон гишүүн нийтэд заавал мэдээлэхээр тусгасан.
ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛАА АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ТАТАН АВЧ БОЛНО
7.Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим төслийн /хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, төсвийн тодотгол гэх мэт/ анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар тусгасан болно.
ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХИЙНЭ
8.Зарим онцгой тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр зохицууллаа.
ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ГИШҮҮД АСУУЛТ ТАВЬЖ,ҮГ ХЭЛЭХГҮЙ
9.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байхаар тусгасан байна.
Н.Нягт