Энэ жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Өвөрхангай аймаг байгуулсны түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийж байгаа талаар аймгийн Засаг дарга А.Ишдоржоос тодрууллаа.
-Аймгийн Засаг даргын захирамжаар түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, салбар хороодыг байгуулсан. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг Түйн голын Цагаан эрэгт 31 сумыг нэгтгэн байгуулж байсан түүхтэй.
Энэ жил Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг байгуулсны түүхт 90 жилийн ой давхацсан онцлог жил. Мөн Бүрд, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга сумын 90 жил, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 100, Шүүхийн байгууллагын 90, Биеийн тамир, спортын газрын 90 гэхчлэн олон тэгш ой тохиож байгаа.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, уг ажлыг зохион байгуулах салбар хороодыг 4 чиглэлд байгуулсан. Удирдлага зохион байгуулалт, ёслол хүндэтгэл хариуцсан салбар хороо, Соёл, урлаг, хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан салбар хороо, Санхүү, аж ахуй хариуцсан салбар хороо, Наадмын талбайн засвар, тохижилт, үйлчилгээ хариуцсан салбар хороог байгуулж, тус тусын үүргийн дагуу ажиллаж байна.
-Онцлог ажлуудаас дурдвал?
-Өвөрхангай аймгийн түүх бол өнгөрөгч 90 жилийн хугацаанд энэ нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн түүх төдийгүй аймагтаа анх тулгын чулуугаа тулсан сум, байгууллага бүрийн түүх юм.Аймгийн хөгжил дэвшил, амьдралынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, бүтээж ирсэн ололт амжилт, алдаа оноо бүр өөрийн гэсэн түүхэн замналтай байдаг.Үүнийг сэргээн тэмдэглэх, үр хойчдоо баринтаглаж үлдээх нь хамгийн чухал учраас хоёр төрлийн ном гаргахаар бэлтгэж эхлээд байна. Аймгийнхаа түүхэн замналыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийнэ. Урлаг соёлынхонтой уулзаж, гэрээ хэлцэл хийх ажил эхлээд явж байгаа.
Мөн салбар, салбартаа амжилт гарган ажилласан тэргүүний манлайлагч хүмүүсээ шагнаж урамшуулж, хөдөлмөр, гавьяа зүтгэлийг нь үнэлнэ.
Ойн хүрээнд аймгийнхаа өнгө зүсийг сайжруулах, тохижуулах ажлууд хийнэ. Улсын төсвийн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлыг хийхээр төлөвлөж, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлаад бүгд дууссан. Зарим томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн, мөн удахгүй ашиглалтад орох бүтээн байгуулалтууд ч бий.
Өвөрхангай аймагтай холбоотой эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, урлаг соёлын олон үйл ажиллагааг төлөвлөсөн байсныг коронавирусний халдварын нөхцөл байдлаас хамааран цахимаар зохион байгуулж байна.
-Өнгөрөгч хоёрдугаар сард Өвөрхангай аймгийн “Хүндэтгэлийн өдөр”-өөр “Миний Өвөрхангай” цахим хичээлийг та анх удаа заасан. Энэ сэдвийг сургалтын хөтөлбөрт оруулна гэж ярьж байсан?
-Аймгийнхаа түүхэн хөгжил, өв соёл, үзэсгэлэнт байгаль, бахархалт хүмүүсийг ирээдүй хойч үе, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, мэдлэгийг нэмэх үүднээс “Миний Өвөрхангай” хичээлийг цахимаар заасан. Аймгийн БСУГ-аас энэ сэдвээр сургалтын ном боловсруулж, дуусах шатандаа орж байгаа. Ирэх хичээлийн жилээс “Миний Өвөрхангай” хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулан зааж эхэлнэ. Нутаг орноороо бахархах, хайрлан хамгаалах, нутгийнхаа нэрийг гаргасан алдар цуутай хүн болох үзлийг хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилгоор энэ хичээлийг боловсруулж байгаа юм.
-“118 мянга дахь иргэнээ тодруулна” хэмээн төлөвлөгөөнд тусгагдсан байна. Хэзээ тодруулах бол?
- Одоогоор Өвөрхангай аймаг 117 мянга гаруй иргэнтэй. Жил бүр аймгийн харьяат иргэдийн тоо нэмэгдэж байна. 90 жилийн ойн хүрээнд 118 мянга дахь иргэн төрнө хэмээн үзэж, тэрхүү иргэнээ тодруулахаар аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын баг томилогдон ажиллаж байгаа. Төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний статистикт тулгуурлан илүү нарийвчлалтай аргаар баталгаажуулдаг.
-Аймгийнхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамдоролцох хүсэлт, хүлээлттэй хүмүүс олон байна. Албан ёсоор тэмдэглэх болов уу? Мөн ойн хүрээнд хийх ажилд тус дэм болъё, хандив, дэмжлэг өгье гэх хүмүүс ч байна.
-Ойн баярын хувьд Засгийн газрын тогтоол гарч, тэмдэглэх эсэх нь тодорхой болно. Үүний дараа иргэдэд мэдээлэл хүргэнэ.
Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байгаа ч баяр наадмын үед вакцинд хамрагдсан нийт иргэд маань дархлаатай болчихсон байх учраас коронавирусний халдвар харьцангүй гайгүй болчихсон байх боловуу гэж бодож байна.
Хэрвээ албан ёсоор тэмдэглэхээр бол Монгол орныхоо өнцөг булан бүрт аж төрж байгаа уугуул, суугуул иргэдээ, нэр алдартай хүмүүсээ уламжлал ёсоор урин оролцуулах болно.
Аймгийнхаа 90 жилийн хөгжлийн улбааг түүхийн шинэ хуудсанд тэмдэглэн үлдээхэд “Өвөрхангай” хэмээх нэрээр овоглож байгаа хүн нэг бүрийн оролцоо чухал. Хашаандаа нэг мод тарьсан ч, хашааныхаа өнгө төрхийг сайжруулаад будчихсан ч энэ бол ойдоо барьж байгаа бэлэг юм.
Аймгийнхаа сайн сайхны төлөө, эрүүл энхийн төлөө байнга хандив, туслалцаа үзүүлж байдаг нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ баярлаж талархаж байгааагаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа.