Ураны томоохон нөөцтэй гэж тодорхойлогдсон цагаасаа хойш байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, малын үхэл хорогдлоороо хохирсоор байгаа ард түмэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан. Хар мөртэй “Арева” нэрээр дэлхийд танигдсан Францын компани Монголд 1997 оноос “Кожеговь” нэрээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ олон жилийн хугацаанд тус компани “Орона”, “Бадрах энержи” гэх зэргээр зүсээ хувиргаж, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулсаар...
Яг одоогоор ашиглалтын гурван ч А лицензийг эзэмшиж буй “Бадрах энержи” ХХК Улаанбадрах сумын нутаг дэвсгэр дээр уран олборлож байна. Өнгөрснөөс өдийг хүртэлх энэ олон жилийн хугацаанд Улаанбадрах сумынхан ураны хор хөнөөлд гүнзгий “живжээ”. Булаг шанд нь хорт бодисоор бохирдож, түүгээр нь ундаалдаг хүн, мал, амьтад хордсоор. Төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх нь ихэсч, төрөл бүрийн гажигтай төл мал төллөх болов. Хээрийн бор гөрөөс хиаран үхэж, амьд бүхэн амьдрах аргагүй тийм хөнөөлт нөхцөл байдал уранаас угшилтайгаар Улаанбадрахад нүүрлээд байгааг энэ удаагийнхаа “Байгаль эх- хариуцлагатай уул уурхай” буландаа онцоллоо.
Д.ГАНТӨР: ҮХСЭН ЗЭЭРҮҮД ДУНД НУТГИЙН БОР ЗЭЭР 30 ГАРУЙ БАЙГАА НЬ
УРАНЫ ХОР УРШГИЙН НОТОЛГОО
Улаанбадрах сумын малчин, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Гантөрөөс ураны хор хөнөөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Танай суманд ураны компани үйл ажиллагаа явуулснаас хойш олон гамшиг нүүрлэх болсон. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Тийм ээ. Манай сум ураны олборлолтоос үүдэлтэйгээр олон аюулт нөхцөл байдалтай нүүр тулж, багагүй цаг хугацааг туулаад байна. Өнөөгийн нөхцөл байдал мэдээж урьдын адил. Харин ч улам л хүндэрч байна даа. Учир нь суманд уран олборлох үйл ажиллагаа одоо хэр нь явагдсаар, зогсох нь бүү хэл бүр л эрчимжээд байна.
-Нутгийн иргэдийн хувьд энэ бүхнийг эсэргүүцдэг л байх. Яагаад өдийг хүртэл уран олборлолт зогсохгүй байгаа гэж бодож байна вэ?
-Иргэд бид тэмцсээр ирсэн. Холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн хяналтаас эхлээд үе, үеийн УИХ, Засгийн газар, Төрийн тэргүүнд хүсэлт хүргүүлж байсан. Харамсалтай нь ураны компанийг зогсоох нь бүү хэл, харин ч ураны лицензүүд нэмж олгогдсоор өнөөг хүрсэн.
-Хамгийн сүүлд хэнд, хэзээ хандсан бэ. Ямар хариу өгдөг вэ?
-Заримдаа хариу ч ирэлгүй өнгөрдөг. Хамгийн сүүлд буюу 2020 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаж Аймгийн Засаг даргад хүргүүлж байсан. Мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-д хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. Бидний зүгээс ураны олборлолтын улмаас “Сумын хэмжээнд үүссэн хүн малын өвчлөл, хордлого, байгаль орчны доройтол, сөрөг нөлөөллийг судалж тогтоох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирлыг арилгуулахыг шаардсан иргэдийн санал хүсэлтийг” гаргасан. Гэвч дорвитой хариу арга хэмжээ авахгүй байсаар байна.
-Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үнэлгээ, булаг шандны усны бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байв уу?
-Хамгийн сүүлд өнгөрсөн зун одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа манай сум руу Ажлын хэсэг явуулж, шинжилгээ судалгаа хийлгүүлж байсан. Ураны олборлолтын орд газартай хамгийн ойр орших булаг шандны уснаас дээж авч шинжлүүлсэн байдаг. Сайншандын тавдугаар баг Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийг дамжиж урсдаг гүний усны илэрц гэгддэг маш сайхан булаг бий. Баруун баянгийн тэр булгийн усанд шинжилгээ хийхэд ураны агууламж маш их хэмжээгээр байна гэж гарсан. Үүнийг хүн мал ууж болохгүй, уувал үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Тийм зөвлөмжийг мэргэжлийн хяналтын газар байгаль орчны газраас гаргаад энэ булгийг хашаалах хэрэгтэй гэсэн байдаг. Тэр зөвлөмж 2020 оны долоодугаар сард гарсан. Одоо жил гаран болж байна. Мал уудгаараа уугаад ийм л байдалтай байна. Сая гуравдугаар сарын 9-нд сумын Засаг даргын Тамгын газраас Ажлын хэсэг гарч, Аргалант багийн эмч мэргэжилтнүүд, мал эмнэлгийн газартай хамтран булгийн ойролцоох үхсэн зээрүүдийг гаргаж авах ажиллагаа явуулсан. Энэ үеэр 70 гаруй зээрийн сэгийг олж тогтоон устгалд оруулсан байгаа. Тэрний дотор 30 гаруй нутгийн бор зээр байна лээ. Цагаан зээр бол яахав нүүдлийн амьтан үхэж байж магадгүй гэж болох ч нутгийн бор зээр ингэж олноор үхнэ гэдэг ураны аюул байна гэдгийн том нотолгоо гэж үзэж байна. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрээд байна.
-Тэр шинжилгээнүүд нь яаж гарч байв?
-Ураны олборлолтын ордтой хамгийн ойрхон Аргалант багийн Баруун буянгийн булгаас авсан усны дээжний шинжилгээгээр хүн мал ууж болохгүй асар их хортой гэж гарсан байсан. Гэвч ойр орчмын ан амьтад, мал эндээс уугаад л байгаа.
-Хордсон шинж тэмдэг их илэрч байна уу?
-Мэдээж хортой ус ууж байгаа юм чинь хордолгүй яахав дээ. Сүүлийн жилүүдэд манай сумын малын зүй бус хорогдол энэ бүхнээс л үүдэлтэй. Мөн энэ хавар бид уран олборлолтын хор уршгийн хөнөөлд нэрвэгдээд байгаа газруудаараа явж байхад мал болон олон тооны бор гөрөөс үхсэн байхтай таарсан. Мэдээж ан амьтан мал сүргийн хорогдол гарч байдаг ч ийм их хэмжээгээр учир битүүлэг байдлаар үхэж байгаа нь уран олборлолтоос болж бохирдсон ургамал, ус, хөрснөөс л үүдэлтэй шүү дээ.
-Хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө гарах болсон гэж байсан. Энэ талаар?
-Миний мэдэхээр манай сумын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн төрлийн харшилтай болсон. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нарийвчилсан олон судалгаа бий. Хорт хавдар, төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх болсон гээд маш олон л асуудал ар, араасаа гарч байна гэв.
УЛААНБАДРАХ ДАРААГИЙН ТАНЗАНИ БОЛОХ ВИЙ
Ураны хорт чанар, сөрөг нөлөөллийн талаар дурдаад байвал дуусахгүй. Хамгийн аймшигтай нь ураныг олборлох үйлдвэрлэлийн процесс байгаа юм.
Өдгөө Монголд ураныг уусган баяжуулах аргаар олборлож байгаа юм байна. Энэ нь хөрсөн доор хүхрийн хүчил шахаад хоёр жил орчим болгосны дараа сорох аргаар уранаа ялгаж авч ашигладаг технологи гэнэ. Дэлхий дээр шинээр гарч байгаа ийм аргыг Монголд туршиж байгаа нь тунч харамсалтай. Хүхрийн хүчил гэдэг ямар их хортой химийн бодис билээ. Та бидний мэддэг аккумляторын шингэнд хүхрийн хүчил 20 хувь агуулагддаг. Хэдийгээр 20-хон хувь ч гэсэн тэр шингэн хувцас хунар дээр асгарвал шууд л түлэгдэж цоордог. Гэтэл цэвэр 100 хувийн хүхрийн хүчлийг Монгол орны говийн хөрсөнд шахаж байна гэдэг байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, хөрсний бүх давхарга үхжиж, улмаар гүний усанд нөлөөлөх хэмжээнд хүрэх нь тодорхой. Цацраг идэвхит бодис нь агаар дуслын замаар амьд бүхэнд аймшигт аюулыг авчирна. Тэр цагт ураныг мянга хориглоод нэгэнт оройтно.
Үнэндээ өнөөдөр Монгол Улс оройтчихоод байна. Улаанбадрах сумын ураны лицензыг цуцлахгүй өдийг хүрсэн нь тус сумын төдийгүй хил залгаа найман ч сумын экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөөд эхэлжээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2015 онд “Бадрах энержи” ХХК-д ураны ашиглалтын гурван ч лиценз олгосон байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ компани туршилт нэрээр олборлолт хийсээр байна. Хэдийгээр уран хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд ч гэсэн сөрөг үр дагавар ихтэй гэдгийг нэн тэргүүнд санах учиртай. Уул уурхайн яам уран, цөмийн энергийн талаар баримтлах бодлогоо тодорхойлохдоо өнөө маргаашаа бус үр хүүхэд минь үлдэж хоцрох эх байгаль дэлхийгээ хамгаалахыг эрхэмлэх хэрэгтэй. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог ч энэ бидний боломж биш шүү.
“Тоглож болдоггүй тоглоом” гэж байдаг шиг оролдож болохгүй байгалийн нөөц бол уран юм. Та бүхэн Африкийн Танзани улсад нүүрлэсэн эмгэнэлт үйл явдлыг санаж байгаа байх. Тус улсад ураны хайгуул, олборлолт хийгдсэнээс хойш бүс нутгийн тариаланчдын нүд нь өвддөг, заримдаа юм харахаа больдог, цаашлаад хүний биеэр тууралт өгч, хүүхдэд нөлөөлсөн зэрэг урьд өмнө нь гарч байгаагүй гаж үзэгдлүүд бий болсон байдаг. Мөн газрын гүнд шахсан химийн хорт бодис нь газар тариаланд нь сөргөөр нөлөөлсөн байна. Тариалсан үр нь ургахгүй, хөрс нь хатаж хагарсан дүр зураг ч Олон улсын хэвлэл мэдээллээр олонтаа гарч байлаа. Ямар ч үржил шимгүй үхмэл хөрс, хорт цацраг дэгдсэн агаар, ураны хортой ус... Энэ бүх аюул Монгол орны маань зүүн өмнөд хязгаар Дорноговь аймгийг бүхэлд нь бүрхэхвий дээ. “Гэмшивч нэгэнт хожимдоно” гэдэг мэргэн үгийг санаж, ураны лицензүүдээ хурааж авбал яасан юм бэ. УИХ-ын гишүүд энэ тал дээр онцгой анхаарч, хүсэлт хүргүүлсэн улаанбадрахчуудад хариу өгөхийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН