Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Амартайван: Шатахуун, түлш түгээлт, мал, мах тээвэрлэхэд бэрхшээл тулгарч байна

Сүхбаатар аймгийн зургаан суманд коронаирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагийн нэг нь Уулбаян сум. Тус сумын халдвар авсан иргэд бүгд эдгэрээд зогсохгүй, сүүлийн хэд хоногт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Тиймээс халдварын тархалтыг хумих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар сумын Засаг дарга Д.Амартайвантай цахимаар холбогдож ярилцлаа.  

-Уулбаян суманд хөл хорионы дэглэм хэрхэн мөрдөгдөж байна. Орон нутгийн иргэд ер нь үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу сумын Онцгой комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй, албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын албан хаагчдыг татан оролцуулж “Ковид-19” цар тахлыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах зорилготой ажиллаж байна.
Манай сумын хувьд орон нутгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг мөрдөн ажиллаж байна. Үүнийг иргэд ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн ч эхэндээ албан шаардлага биелүүлэх тал дээр хайнга байсан. Улмаар иргэд мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмж, зөвлөгөөнүүдийг сайн өгсний  үр дүнд одоо маш сайн дагаж хэрэгжүүлж байгаа.
-Сүүлийн хэд хоногт өвчлөл нэмэгдсэнгүй. Ер нь сум орон нутгийн зүгээс ямар арга хэмжээг авч байна вэ?
-Сум орон нутгийн зүгээс өвчлөлийг бууруулах, голомтыг хумих, ойрын болон дам хавьтлуудыг аль болох хурдан хугацаанд тогтоонPCR шинжилгээнд хамруулах зэрэгт онцгойлон анхаарч, сумын Онцгой комиссын гишүүд, төрийн албан хаагчид, Эрүүл мэндийн төвтэй хамтран өдөр, шөнөгүй л ажиллаж байна. Үүний үр дүнд манайд 4 дүгээр сарын 10-наас хойш өвчлөл нэмэгдээгүй. Ер нь бид өвчний тархалтыг зогсоож, голомтыг бараг хумиад байгаа гэж ойлгож болно.
-Халдвар авсан иргэд эдгэрээд очсон. Тухайн иргэдийг хэрхэн хянаж байна вэ?
-Нийт найман тохиолдол батлагдсан, одоогоор бүгд эдгэрээд гэрийн ажиглалтад ирээд байна. Тухайн өрхүүдэд эргүүлийн постод гарч байгаа жижүүрээр зөвлөмж, баталгааны хуудсыг хүргүүлж, байнгын хяналттай байгаа. Сумын Эрүүл мэндийн төв  болон аймгийн Эрүүл мэндийн газраас ариутгал халлваргүйтгэлийг цаг хугацаанд нь маш сайн хийсэн.
-Танай сумаас батлагдсан тохиолдлууд ихэвхлэн малчид байгаа. Тэгэхээр голомтын ойр хавийн малчдын хөдөлгөөнийг хэрхэн хянаж байна вэ?
-Энэ маш чухал. Дээр хэлсэнчлэн хээрийн постуудыг байнгын 24 цагаар ажиллуулж, голомтын бүс болон голомтын бүсэд ойр байгаа малчдыг хяналтдаа авч, сумын төв руу оруулахгүйгээр шаардлагатай хүнс, эм хэрэгслийг захиалгаар авч, хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлж байна. Ээлжийн жижүүр сумын Онцгой зомисс, шуурхай штаб руу утсаар байнга мэдээллийг дамжуулан ажиллаж байна. Мөн гэрийн ажиглалтын тусгай баг ажиллаж байгаа.
-Хөдөө орон нутгийн иргэдээ орж, гарах байдлыг хэрхэн зохицуулж байна. Хүнс, шатахуун авахаас эхлээд мэдээж шаардлага байгаа байх?
-Малчид, иргэдэд нэн шаардлагатай хүнс, түлш шатахуун, эм тариа, эмнэлгийн хэрэгслийг хяналтын пост дээр халдвар хамгааллын дэглэм сахиулан хүргэлтийн үйлчилгээгээр өгч байгаа. Хөдөлгөөний хувьд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглосон. Мөн сумаас Улаанбаатар хот руу мал мах тээвэрлэхгүй байгаа, хүнсний нөөцөө дэлгүүрүүд аймгийнхаа төвөөс захиалгаар татан авч байна.
-Сумын хэмжээнд хэчнээн хяналтын пост, албан хаагч ажиллаж байна вэ?
-Сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн пост, явган эргүүл мөн дөрвөн чиглэлд, хөдөө хоёр ээлжээр мөн дөрвөн пост байнгын ажиллаж байна. Үүнд нийт 100 гаруй  төрийн албан хаагч, 25 автомашинтай ажиллаж байна.
-Сум орон нутгийн эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц хэр байна. Үүнийг хэрхэн бүрдүүлж байна?
-2021 оны 4 дүгээр сарын 16+ны байдлаар 5,4 сая төгрөгийн халдвар хамгааллын эд материалын нөөцтэй байна. Тодруулбал, хамгаалалтын хувцас 150 ширхэг, түргэвчилсэн оношлуур 100 ширхэг,N95 амны хаалт 150 ширхэг, нэг удаагийн бээлий 250 ширхэг, гар ариутгагч 10 ширхэг, ариутгалын бодисын бага зэргийн нөөцтэй байна. Харин сумын Онцгой комисст зөвхөн шатахуун, түлшний  5,6 сая төгрөгийн өр үүсээд байгаа.
-Тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байна?
-Иргэд, малчид амьд мал, мах тээвэрлэхэд бэрхшээл тулгарч байна. Мөн шатахуун, түлш түгээлтийн асуудал үнэхээр хүнд байна. Малчид пост дээр ирж, саваар бензинээ авч байгаа.
-Тэгвэл аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт уламжлах санал, хүсэлт байна уу?
-Шатахуун түгээх станцын шатахууны түгээлтийг иргэдэд ямар журмаар үйлчлэх талаар нарийн зөвлөмж өгөх шаардлагатай.  Дараагийн асуудал бол Улаанбаатар хот руу мал махыг тээвэрлэх асуудлыг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Сумын малчид, иргэдэд хамгийн ойлгомжгүй асуудлууд энэ хоёр л байна. Бусдаар манай иргэд үнэхээр дэг журамтай бас хүлээцтэй байгаа.
-Яг ийм цаг үед сум орон нутгийн удирдлагуудын баг иргэдтэйгээ ойлголцож хамтарч ажиллах л хамгийн чухал шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Бид иргэдтэйгээ аль болох ойлгох, зөвшилцөх замаар хамтран ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш иргэд, төрийн байгууллагын хооронд элдэв ноцтой маргаан зөрчил гарсангүй. Тиймээс энэ ташрамд сумынхаа нийт ард иргэд, малчид, төрийн албан хаагч нартаа  энэхүү халдварт өвчнийг даван туулахад гар сэтгэл нийлэн, нэгэн хамт олон болж чадаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Мөн бие сэтгэл болон санхүү, эд материалын туслалцаа үзүүлсэн бүх иргэддээ Уулбаян сумын Засаг дарга, Онцгой комисс, ЗДТГ-ын олны өмнөөс талархал илэрхийлье. Энэ чигээрээ хамтдаа хичээвэл сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ