Булган аймгийн Засаг дарга хөрш зэргэлдээ аймгуудад коронавирусний халдварын тохиолдол батлагдсан учир голомттой бүс нутгаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06.00 цагаас эхлэн тус аймгийн нутаг дэвсгэрт халдварын голомт бүхий аймаг, орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
Аймаг доторх сум хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, шаардлагатай газар хяналтын цэгийг нэмж байгуулах, үйл ажиллагааг эрчимжүүлж, халдварын голомтод бүс нутгаас ирэх Булган аймагт оршин суух байнгын харьяалалтай иргэдээс коронавируст халдварын PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлж, хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.
Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, шашин, урлаг, үзвэр /сүм хийд, мөргөлийн газрууд, биллиард/-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглох, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, бүх төрлийн нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ /ресторан, зоогийн газар, кафе, цайны газар/-ний цагийн хуваарийг 09.00 цагаас 19.00 цагийн хооронд тус тус тогтоов. Аймгийн Засаг даргын шийдвэрийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.