Өмнөговь аймгийн Сэврэй суманд үйл ажиллагаа явуулдаг бээлийний үйлдвэрээс уул уурхайн компаниуд ханган нийлүүлэлт хийхээр болжээ.
Өмнөговь аймгийн удирдлагууд баруун бүсийн сумдад ажиллах үеэр Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагуудтай уулзсан юм. Энэ үеэр Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан сумандаа үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрүүдийг танилцуулан, уул уурхайн компаниудыг хамтран ажиллахыг санал болгосон. Тухайн саналыг хүлээн авч "Хүрэн толгой коал майнинг" ХХК ажилчдынхаа хэрэгцээг хангах бээлий худалдан авахаар болж буйгаа мэдэгджээ.
"Хүрэн толгой коал майнинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Наянтай "Орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн найдвартай тогтмол үйл ажиллагаа явуулж чадаж байвал бид байнгын худалдан авалт хийх боломж бий. Манайх жилдээ 8-10 ширхэг бээлий худалдан авдаг. Дэргэд ийм үйлдвэрлэл хийж байхад орон нутгийн иргэдээ дэмжих зорилгоор хамтран ажиллахаар болж байна" гэлээ.