
Вьетнамын эрх баригчид Тайфун Кажики хэмээх хүчтэй шуурганд бэлтгэн 586 мянган гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Тус улсын Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр, тус шуурга аль хэдийн 166 км/цагийн хүчтэй салхилж байгаа бөгөөд Даваа гаригийн (2025.08.25) эхээр газарт буухаасаа өмнө улам хүчтэй болох магадлалтай байна. Төвийн Тхань Хоа, Куанг Чи, Хюэ, Дa Нанг мужуудын иргэдийг гэрээ орхин яаралтай нүүхийг тушаасан байна. Нислэгүүдийг цуцалж, завинуудыг эрэг дээр байлгахыг зөвлөжээ.
Шуурга Хятадын Хайнань арлыг тойрон өнгөрч байгаа бөгөөд тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр 320 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. "BBC Weather" агентлагийн мэдээлснээр, Тайфун Кажики шилжин явах явцдаа сулрах ч Вьетнам улсад 200 км/цаг хүртэл салхилж, 300-400 мм хур тунадас унах төлөвтэй гарчээ. Мөн далайн усны түвшин 2-4 метр хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газраас шуурганд өртөх магадлалтай бүс нутгийн иргэдийг Ням гаригт 14:00 GMT цагаас хойш гадагш гарахгүй байхыг анхааруулсан байна. Мөн цэргүүдийг тусламжийн ажиллагаанд дайчлаад байгаа ажээ.
“Нөхцөл байдал маш аюултай бөгөөд ямар ч тээврийн хэрэгсэл, жуулчлалын эсвэл загас агнуур, усан аж ахуйн байгууламжуудад аюулгүй биш” хэмээн Хөдөө аж ахуй, байгаль орчны яамны албаны хүмүүс мэдээлэл өгсөн байна. "Vietnam Airlines" компани Ням болон Даваа гаригт төвийн бүс рүү болон тухайн газраас хөөрөх дор хаяж 22 нислэгийг цуцалсан байна. Албаныхан уг шуурга өнгөрсөн есдүгээр сард болсон олон хүний аминд хүрсэн Яги тайфун шиг сүйтгэх аюултай гэж болгоомжилж байна. Тухайн үед зөвхөн Вьетнамд 300 гаруй хүн амиа алдсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC