
ДЭМБ-ын гишүүн орнууд Сүрьеэг устгах дэлхийн стратеги баталж, эл өвчний тархалтыг эцэс болгох зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэхээр зорьж байна. Үүний хүрээнд манай улс 2025- 2028 онд хэрэгжүүлэх Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр танилцуулсан юм. Уулзалтад холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 150-200 хүн нас барж байна. Тодруулбал, 2022 онд сүрьеэгийн улмаас 202, 2023 онд 200 хүн нас баржээ. Харин өнгөрсөн онд эл өвчнөөр 3002 хүн өвдөж, 169 хүн нас барсан байна. Мөн эл өвчнөөр 2024 онд 156 хүүхэд өвдсөн бөгөөд энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс буурсан үзүүлэлт аж. 2022 онд 174, 2023 онд 160 хүүхэд эл өвчнөөр өвдөж байжээ.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлснээр сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, илрүүлэлт, эмчилгээний үр дүн сайжирч, эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ нэмэгдэх гэнэ. Мөн, энэ чиглэлээр ажиллах эмч, сувилагч, хүний нөөцийн чадавх сайжирч, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ташрамд, манай улс 1994 оноос хойш сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг долоон удаа боловсруулсан гэнэ.