
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. Усархаг борооны улмаас 84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автсан байна. Иргэдийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 314 тонн усыг соруулж, таван км газар далан сэргээж, гурван автомашиныг татан гаргажээ.
Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн Өвдөг гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас зургаан айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгосон байна.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.27/ баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:
- Голын эрэг, үерийн эрсдэлтэй хэсэгт гэр, майхан, саравчийг барихгүй байх,
- Үерийн усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуугаар хашлага бариж аюулгүй байдлаа хангах
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу орохгүй байх,
- Баталгаатай зам, гарц, гүүрээр зорьчих
- Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагираг зэргээр хөвөхгүй, ашиглахгүй байх
- Цаг агаарын мэдээ мэдээллийг тухай мэдээ, мэдээллийг сонсож, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.