Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт өчигдөр өдрийн 19:05 цагийн орчимд түр зуурын аадар бороо орж, нэг өрхийн гэр, хоёр аж ахуй нэгжийн байр, нэг орон сууцны байрны зоорийн давхар усанд автжээ.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, нийтийн орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан байсан 17 тн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт өчигдөр өдрийн 17:30 цагаас 18:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орж, суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулах ажиллагааг зохион байгуулж, 07.20-ны өдрийн 00:37 цагт аюулгүй болгосон байна.