
Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд газар газраас зочид ирж, баяр наадмаа сайхан зохион байгуулсан ч энэ үеэр аймгийн удирдлагуудын зочид гийчдэд барьсан зоог баярын уур амьсгалыг тэр чигт нь өөрчилж орхилоо. Учир нь тэд хүндэтгэлийн тайзны өмнө атан тэмээг бүхлээр нь шарж хурсан олноо зоог санал болгосон нь баярын очыг унтраасан гэхэд болно. Тиймээс ирсэн зочид гийчид “Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр нарын зоог арай л хүнддэхээр юм билээ.
Ид насны дарга нар аргагүй л бярдаж зоог барьсан шүү” хэмээн хошигнож байна. Уг нь “Их говийн тэмээ-2025” наадамд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн тэмээчид, 1000 гаруй тэмээгээр оролцлоо.
Энэ үеэр тэмээн жингийн цуваа, тэмээний жагсаал, тэмээний уралдаан, поло, тэмээний өв соёлыг харуулсан тэмцээн уралдаан болсон нь олны таашаалд ихээхэн нийцсэн ч гагцхүү дарга нарын зоог зочдыг сэтгэл дундуур буцаахад хүргэсэн юм. Уг нь дорноговьчууд дэлхийд ховордоод буй тэмээн сүргээрээ гайхуулж, түүнийг дагасан өв соёлоо дэлгэж, даяаршиж буй энэ үед хэрхэн дангааршиж үлдэхийг бодиоор харуулсан л даа. Дорноговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархдаг түмэн бмлээ. Түүний нэгэн амьд бодьгал болох дэлхийд нэн ховордсон хоёр бөхт тэмээг юу юуны өмнө нэрлэнэ. Тиймдээ ч дорноговьчууд үнэт эрдэнэ болсон сүргээрээ бахархаж “Их говийн тэмээ-2025”-ыг уламжлал болгон зохион байгуулсан. Тэмээ бол нүүдэлчдийн соёлын нэгэн томоохон цөм бөгөөд тэмээ дагасан уламжлалт өв соёлыг дэлхий нийт үзэхээр зорих болсон. Тэмээ бол нүүдэлчин түмний дархлаа, монголчуудыг даяаршлын шуурганд авч үлдэх цөөн зүйлийн нэг. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хувьд бас чиг аархуу нэгэн гэдгээрээ цоллуулж л явсан нэгэн. Гэхдээ арай ч тэмээгээрээ бахархах баярын өдөр атан тэмээ шарчихна гэж яаж санах вэ. Бага сага зүйл байдаг л даа. Аймгийнхаа хэмжээний бүх багийн Засаг дарга нарт арьсан цүнх бэлэглэхээс эхлээд олон зүйл ярьж болох юм. Ер нь бол ихээхэн буруу зүйл хийсэн. Уг нь монголчуудыг тэмээгээ хүнсэндээ шарж түлж иддэг гэх агуулгыг онцлох нь өөрөө маш буруу маркетингийн стратеги. Монголчуудын уламжлалд мал сүргээ хүндэтгэх ёс бий. Тэмээгээрээ бахархах, түүнийг алдаршуулах баярын үеэр тэмээгээ идэж сурталчлах нь “Тэмээ бол манай үнэт баялаг” гэсэн санаатай зөрчилдөж байгаа ойлгомжтой. Хамгийн наад зах нь олон нийтийн өмнө томоохон малын махыг ийнхүү ил хуйхлан шарж тавих нь жуулчдад эвгүй таагүй сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой. Үзэгч олон, гадна дотны жуулчид тэмээг идэх гэхээс илүүтэй түүнийг харж, унаж, соёлтой нь танилцахыг илүүд үзэн зорьж ирж байгаа болохоос биш уул овоог шиг хярвас үзэх гэж ирэхгүй. Ийм үйлдлээс болж бусад баяр, арга хэмжээнүүдээр ч малын махыг илээр бэлтгэн үзүүлэх нь хэвийн мэт ойлгогдох аюултай. Энэ нь соёлын хувьд зохимжгүй жишиг тогтоож магадгүй харагдана. Тэмээг хүнсэнд хэрэглэх нь хувь хүний сонголт байж болох ч, олон нийтийн арга хэмжээнд, тэр тусмаа тэмээний үнэ цэнийг өсгөх зорилготой баярт ийм маркетинг хийх нь буруу гэдгийг Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар сэхээрч ухаараагүй нь цаашид ч юу ч ухаарч ажиллахгүй гэдгээ харуулсан хэрэг болов уу. Дэндүү ойлгомжтой зүйл шүү дээ.
Х.Өлзийт
https://news.zindaa.mn/50pg