Ховор төрлийн хорт хавдрын улмаас найман эрхтнээ авхуулсан Британи эмэгтэй ажилдаа буцаж орсон байна. Их Британийн баруун Сассекс мужийн Хоршам хотын оршин суугч Фэй Луизийн бие 2023 оны хавраас өвдөж эхэлсэн юм. Эхэндээ тэр өвдөлтөө сарын юмтай холбоотой гэж бодож байсан ч хэт авианд үзүүлэхэд өндгөвчний уйланхай илэрчээ.
Тэрхүү уйланхайг мэс заслаар авсны дараа шинжилж үзэхэд хорт хавдар илэрсэн юм. Луиз псевпомиксома перитонэй нэртэй хэвлий болон аарцгийн хөндийн дотор хальсанд желе маягийн бодис хуримтлахад хүргэдэг хорт хавдраар оношлогдсон байна. Хавдар хагарсны улмаас хавдрын эсүүд хэвлий болон аарцгийн эрхтнүүдээр тархсан байжээ. Ийм хүнд онош сонссоныхоо дараа тэр өөрийн оршуулах ёслолоо төлөвлөж эхэлсэн аж.
Эмч нар хавдар үсэрхийлсэн найман эрхтнийг нь авах мэс засал Лиуз дээр хийхээр болсон юм. Мэс заслаар түүний дэлүү, цөсний хүүдий, мухар олгой, өндгөвч, умай, умайн гуурсан хоолой, хүйсийн нүх, том болон жижиг чацархайг авч, элэгнээс нь хавдартай хэсгийг авч өрц, аарцгийн ясыг цэвэрлэсэн байна.
Ийм том мэс засалд орсны дараа эмч нар түүнийг хорт хавдраас ангижирсан гэж дүгнэсэн тул Луиз Гатвик нисэх онгоцны буудал дахь нислэгийн диспетчерийн ажилдаа эргэн орсон юм. Тэр “Өвчний шинж тэмдэг байхгүй байна гэдгийг сонссон нь Зул сараар авч болох хамгийн гайхалтай бэлэг байсан” гэжээ. Гэхдээ тэр ирэх жилийн сүүлээр ажиллаж чадах эсэхээ мэдэхгүй байна хэмээсэн юм. Учир нь түүний ажил их ачаалалтай гэж тэр “BBC Radio Sussex”-д хэлжээ.
Тэр одоо жил бүрийн арваннэгдүгээр сар болгон урьдчилсан шинжилгээнд хамрагдана. Луиз “Шинжилгээний хариуг хүлээх нь Зул сарын баярыг гунигтай болгож магадгүй. Гэхдээ үргэлж урагш тэмүүлж, хэзээ ч бууж өгөхгүй байх хэрэгтэй. Зарим өдрүүдэд би гүн цөхрөлт автсан ч одооноос эхлээд илүү эерэг өдрүүд намайг хүлээж байна” гэсэн юм.
Эх сурвалж: BBC