Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр Ерөнхий боловсролын сургуулийн барилга хуучирч, сурагчид хичээллэх аргагүй болжээ.
Тодруулбал тус сургуулийн барилга хуучирч, мөөгөнцөртсөнөөс болж зарим хүүхдийн бие дээр тууралт гарч, харшилтай болж, ханиалгах шинж тэмдгүүд ихэсжээ. Хоёр хэсгээс бүрдэх залгаа сургуулийн барилгын нэгийг 1980 онд нөгөөг 1978 онд тус тус ашиглалтад оруулж байв. 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгыг цаашид хүүхдүүд хичээллэж, үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй гэж үзэж акталсан ч өнөөг хүртэл сурагчид хичээллэсээр, цаашлаад эрүүл мэндээрээ хохирсоор байна.
"ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА"
Энэ талаар Чандмань-Өндөр сумын иргэн С... хэлэхдээ "Би энэ сургуулийг долоон жилийн өмнө төгссөн. Намайг төгсөх ангид байхад мөөгөнцөртөж байсан. Одоо дүү минь энд хичээллэдэг. Жил бүр будаж, янзалдаг ч шалан доогуураа битүү мөөгөнцөр бий. Уг нь сургуулийн шинэ барилга баригдаж байсан ч одоо царцсан байдалтай маш удаж байна. Бидний үр хүүхэд ийм орчинд суугаад хичээлээ хийгээд хоолоо идэж байна шүү дээ. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байна" гэсэн юм.
Шинэ барилга буюу 320 хүүхдийн суудалтай сургуулийг 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар 3,6 тэрбум төгрөгөөр төсөв баталж, гүйцэтгэгчээр "Зос Трейд" ХХК шалгарч 2019 оны 12 дугаар сарын 31-н гэхэд ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, барилгын ажлаа эхлүүлжээ.
Гэвч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн батлагдсан төсөв хүрэхгүй байгаа тул барилгын ажлаа зогсоох тухай сургуулийн захиргаанд мэдэгдэж тухайн үед сургуулийн захиргаанаас БШУЯ болон УИХ-ын зарим гишүүнд хандаж гурван жил гаруй хөөцөлдсөний үр дүнд 2024 онд 1,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан ч энэ жилийн 7 дугаар сараас барилгын ажлыг дахин эхлүүлсэн ч дорвитой ахиц гарахгүй байгаа аж.
- Сурагчдын одоо хичээллэж буй сургуулийн барилга
- Шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажил удаашралтай байна
Бид энэ талаар тодруулахаар Чандмань-Өндөр Ерөнхий боловсролын сургуулийн Захирал А.Отгонбаяртай холбогдлоо.
- Танай сургууль хэдэн хүүхэдтэй вэ? Одоо ямар байдалтай хичээллэж байна вэ?
- Манай сургууль 639 сурагч, 80 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид жил бүр л сургуулиа будаж янзалдаг ч шалан доогуураа мөөгөнцөртсөн байдалтай, сүүлдээ хүүхдүүд багш нарын бие дээр тууралт гарч байна. Миний бие дээр ч бас гарсан, харшлын эм ууж байна. Энэ нь мөөгөнцрөөс үүдэлтэй юм. Мөн хүүхдүүд өдөрт хэд хэдээрээ шилжиж байна. Өнөөдөр гэхэд хоёр хүүхэд шилжлээ.
- Шинэ сургуулийн барилга хэзээ ашиглалтад орохоор байна вэ?
- "Зос Трейд" компани сургуулийн шинэ барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн ч 2019 оны 10 дугаар сард зогссон байдалтай байна. Төсөвт дахиж 1,8 тэрбум төгрөг нэмүүлсэн ба энэ 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж байгаа ч дорвитой ахиц гарахгүй удаж байна. Барилгын бригад ч харагдахгүй юм. 2019 онд ковид гараагүй тул барилгын материалын үнэ өсөөгүй үе шүү дээ.
- Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?
- Бид 2020 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүд, БШУ-ны сайд нар, аймгийн удирдлагууд, Боловсролын ерөнхий газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилга хөгжлийн төв зэрэгт нийт 14 удаагийн албан бичгээр хүсэлт, тайлбар хүргүүлсэн. Мөн ирэх даваа гарагт Боловсролын сайд П.Наранбаярт хандахаар болоод байна.
- Бид 2020 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүд, БШУ-ны сайд нар, аймгийн удирдлагууд, Боловсролын ерөнхий газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилга хөгжлийн төв зэрэгт нийт 14 удаагийн албан бичгээр хүсэлт, тайлбар хүргүүлсэн. Мөн ирэх даваа гарагт Боловсролын сайд П.Наранбаярт хандахаар болоод байна.
Бид барилгын ажил хэдэн хувьтай яваа талаар тодруулахаар "Зос Трейд" ХХК-ийн захирал Д.Энхтуяатай холбогдоход "Утсаар мэдээлэл өгөхгүй. Яамнаас асуу" гэж хэлээд утсаа таслан, дугаарыг минь блоклов.
Боловсролын яамны хэвлэлийн албанаас тодруулахад "Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт дутсан шалтгаанаар ковидын үед царцсан, барилгын ажил түр зогссон сургуулиуд олон бий. Тиймээс үүнтэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх оны төсөвт шинэ сургууль барихгүй, харин царцсан сургуулиудын барилгыг дуусгахад төсөв зарцуулна гэсэн. Чандмань-Өндөр сургуулийн тухайд дэлгэрэнгүй мэдээллийг санхүү, хөрөнгө оруулалтын газраас тодруулаад эргээд хариу өгье" гэлээ.
Үргэлжлэл бий...
https://gogo.mn/r/3vgl7