Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 126 бөх зодоглосноос Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Ташрамд сонирхуулахад, Бөхийн өлгий нутаг болсон Батцэнгэл сумаас нийт 18 улсын цолтон төрөн гарчээ. Домогт аварга Галсанхүүгийн Вандан, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, хүчит заан Д.Хишигдорж, Д.Лувсан, улсын харцага Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Б.Зоригтбаатар тэргүүтэй шилдэг бөхчүүд төрсөн гарсан байна.