-Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-
Дөрөвдүгээр сарын эхээр “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Тэднийг гаднын тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж, одоо ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм. Шалгалтын дүнд “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж нь “хуурамч” богд тодруулахаар бэлтгэж байсныг эд мөрийн баримтыг олж, тогтоожээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ.
Гэвч тухайн үед дээрх үйл ажиллагаа биелэх боломжгүй болсон тул өөрийн зөвлөх Д.Бямбажавд эд зүйлсийг устгах даалгавар өгч байсан ч өнөөдрийг хүртэл устгаагүй байсныг албаныхан олсон байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр, түүний энэ хэрэгт нэр бүхий хоёр хийдийн хамба лам холбогдож болзошгүй гэх бөгөөд З.Санждорж мэдүүлэг өгөх үеэрээ тодорхой дурджээ.
X Богдоор тодруулахаар зэхэж байсан хүүгийн тухайд эргэн сануулбал, одоогоос арав гаруй жилийн өмнө З.Санждорж гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэжээ. Энэ харилцаа нь гүнзгийрч С бие давхар болсноор З.Санждорж нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа зүгт бэр гуйлганд явж, хадамлаж байжээ. С-ийн эцэг эх нь өндөр настай хүмүүс байсан бөгөөд дагуулж очсон нөхрөө гэр бүлтэй хүн гэдгийг нууцалж явсаар тэдний хүү төрсөн байна.
Хүү төрмөгц З.Санждорж шинэ эхнэр хүүхдээ Баянзүрх дүүрэг, офицерын орчимд түрээсийн орон сууцанд оруулж, хоёр гэрийн дунд амьдарч иржээ. Энэ үед Х Богдыг тодруулах асуудал хүчтэй яригдаж эхэлсэн байсан бөгөөд Хятад улс богдыг тодруулах сонирхолгүй байсан учраас З.Санждоржоор дамжуулан энэ ажлыг саармагжуулах “даалгавар” өгсөн гэгддэг.
Харин З.Санждорж, өөрийн “нууц” хүүг Төв ганданд суулгаж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Номун Хан Д.Чойжамцад шавь оруулжээ. Үүний дараа хүүгийнхээ ээж С-ийн нэрийг солиулж, О болгон улсын бүртгэлд оруулсан байдаг.
https://news.zindaa.mn/4udi