Өнгөрсөн 2022 оны төрийн их баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын 25 дахь аварга болсон Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай хэмээх идэрхэн залуу маань энэ цаг үеийн хүчтэнүүдийг өнгөлж байна. Сүүлийн үеийн заал танхимын барилдаануудад дандаа түрүүлж үзүүрлэж, их шөвөгт үлдэж байна. Заал танхимын барилдаанд гаргасан амжилтыг нь үзэгч фэнүүд нь хуруу даран тоолж, ахисан амжилтад нь алга ташиж байна. Тодруулбал, О.Хангай аварга энэ цаг үед Бөхийн өргөөнд хамгийн олон түрүү аваад байгаа бөхөөр шалгарчээ. Тэрбээр 32 түрүү, 15 үзүүр, 18 их шөвөг хүртээд байгаа аж. Мэдээж энэ амжилтууд цаашид ч үргэлжилсээр байх болов уу.
Аргагүй л аварга цолондоо дүүрч, дүүхэлзэж яваа аварга цолоо дархалж чадаж байгаа түүнтэй ярих ч юм алга. Дэндүү даруухан хэрнээ эгэл боргилын туйл хүн чанар мөн чанартай аваргаар монголчууд түмэн бахархаж байгаа нь үнэн. Аварга болсноосоо хойш заал танхимын барилдаанд босоо хийморьтой цог золбоотой байгаа тэрбээр Бөхийн өргөөн дахь барилдааны 32 дахь түрүүгээ хүртэж өнгөлсөн. Сайхан ч аварга юм, гоёхон залуу юм даа. Завсаргүй барилдаж, дандаа түрүүлнэ гэдэг гайхамшиг шүү. Үеийн хүчтэнүүд дотроо үнэхээр барилдаанч байж чадаж байна.
Холын цэнхэр Ховдын хоёр хүчтэн бол дандаа босоо байна. О.Хангай нь хазайхад ард нь Улсын заан Б.Бат-Өлзий нь түшдэг. Б.Бат-Өлзийгөө өвдөг шороодоход ард нь О.Хангай аварга бат л үлддэг. Хоршоод л барилддаг хоёр хүчтэн малчин түмэндээ туслах хандивын барилдаанд үзүүр, түрүү булаацалдаж үзүүштэй сайхан барилдааныг үзүүлсэн юм. Аварга цолоо олонтоо баталж, баруун зүүний магнайдаа гарч, малгайны тэмдэг нь дөрөв болж, залаа нь дүүрч, даян дархан аварга болохын өлзийтэй ерөөлийг өргөе.