Тус аймаг сар шинийн босгон дээр аймаг, сумын аварга малчид, тариаланчид уяачдаа тодрууллаа.
Тухайлбал Завхан аймгаас 2023 онд аймгийн алдарт уяач цолны болзол хангасан уяачдад шагналыг нь гардуулан өглөө.
Аймгийн алдарт уяачийн цолны болзлыг Алдархаан сумаас уяач Шагдарын Ганболд, Цэрэндагвын Мягмардорж, Сэмбэнсүрэнгийн Буянбат, Бавуудоржийн Баттулга нар биелүүлжээ.
Баянтэс сумаас уяач Гармаабазарын Анхболд, Чамбуугийн Баатар, Дөрвөлжин сумаас Довчингийн Пүрэвцэрэн, Жамбын Далайжаргал, Их-Уул сумаас Ядамсүрэнгийн Отгонбаатар, Нансалын Пүрэвдорж, Түдэвтэй сумаас Гэзгээгийн Отгонбаатар, Тэс сумаас Азарновогийн Пүрэврагчаа нар биелүүлж аймгийн алдарт уяач боллоо.
Улиастай сумаас Бямбаагийн Энхтүвшин, Сүхбаатарын Лувсандорж, Лхүндэвийн Амартүвшин, Ургамал сумаас Дойлоохүүгийн Батбаатар, Юрагийн Мөнхтөр, Цагаанхайрхан сумаас уяач Должингийн Бат-Эрдэнэ, Цэцэн-Уул сумаас Бүджавын Ванган, Шилүүстэй сумаас Дагдандоржийн Амгаабазар, Базарын Эрдэнэбулган нар алдарт уяачын болзол хангажээ.
Эрдэнэхайрхан сумаас Энхтуяагийн Маргад-Эрдэнэ, Содномцэрэнгийн Батдэлгэр, Энэбишийн Гиваадорж, Бадарчийн Чүлтэмсүрэн нарын нийт 25 аймгийн алдарт уяач цолны болзол хангаж шагналаа гардан авлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд тус аймаг нь 560 гаруй уяачтай. Уяачдын Очирваанийн хүлэг холбоо нь 2023 онд үйл ажиллагаагаараа Монголын Морин спорт уяачдын холбооны шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарчээ. Тус холбооноос сүүлийн жилүүдэд аймгийнхаа хурдан морины удам, угшлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийжээ.
Тухайлбал улсын хэмжээний тод манлай уяачдын хурдан удмын үржүүлгийн адуунаас 100 гаруй адууг орон нутгийн уяачид, ялангуяа залуу уяачдад өгч нутгийн хурдан морины удам угшлыг сайжруулах ажлыг аймгуудаас анх удаа хийсэн байна.
Мөн аймгийн хэмжээний уяачдыг бүртгэлжүүлэх, хурдан морины удмын санг хамгаалах, удам угшлыг сайжруулах, нутаг нутгийн морь уяах ардын уламжлалыг сэргээн, залуу уяачдад зааж сургах ажлуудыг уяачдын холбооноос зохион байгуулж байна. Завхан аймаг 10 тод манлай уяачтай, аймгийн алдарт уяачийн болзол хангасан уяачдадаа баяр хүргэж, тод манлай болтлоо тодорч, монгол наадмын айраг түрүүг авч, уяачийн эрдэм ухааныг олон түмэнд алдаршуулахыг хүсэж байна хэмээн Очирваанийн хүлэг уяачдын холбооноос мэдээлэв.