Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт олон тооны үхэр дайрсан гэх дуудлага иржээ. Уг хэргийг шалгахад тус аймгийн Хүдэр сум Бумбатын даваа гэх газарт Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эрэгтэй “Daewoo” маркийн том оврын автомашиныг жолоодож яваад иргэн Б-ын эзэмшлийн 16 тооны үхэр мөргөсөн байжээ.
Урьдчилсан байдлаар дээрх иргэн нь Хүдэр сумаас Дархан аймаг руу мод бэлтгэн, тээвэрлэж явахдаа машины бүрэн бүтэн байдал хангаагүйн улмаас осол гаргасан болох нь тогтоогджээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.