Сэлэнгэ аймгийн Мал аж ахуйг хөгжүүлэх хэтийн бодлого нь тариалангийн бүс нутагт баримталж буй дүрэм журамтай салшгүй уялддаг.
Тухайлбал малын тоог тогтвортой хэмжээнд байлгах. Мөн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлж, мал сүргийг эрсдэлээс хамгаалах чадавхыг сайжруулах. Цаашлаад эрчимжсэн, суурин, хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэдэг.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” зэрэг томоохон бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлж буй энэ цаг үе нь Сэлэнгэ түмний хувьд махны чиглэлийн үхрийн аж ахуйгаа эрчимжүүлэн өргөжүүлэх өргөн боломжийг нээж өглөө хэмээн аймгийн Засаг дарга онцоллоо.
Тус аймаг махны чиглэлийн Сэлэнгэ, Герефорд болон махны чиглэлийн үржлийн сүргээр өөрийн орон нутгаа хангаад зогсохгүй бусад аймаг, орон нутагт нийлүүлж байна.
Махны чиглэлийн үхэр үржүүлэгчид, тэр дундаа сэлэнгэ үүлдрийн цөм сүргийн үхэр үржүүлэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь сэлэнгэ үүлдрийн үхэр сүргийн үүлдэрлэг байдал, махан ашиг шим сайжирсантай холбоотой юм.
Өнөөдөр тус аймагт “Газар агро”, “Хүчү агро”, “Гацуурт”, “Тэргүүн тэлмэн” зэрэг махны үхрийн эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр аж ахуйнууд нь махны чиглэлийн үхрийн чанарыг сайжруулахад бодит нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бусдад бодит туршлага болж байна.
Монгол Улсын Төрийн соёрхолт мал зүйч Р.Жавзмаагийн 30 гаруй жилийн ажлын үр дүнд бий болсон эх орны цор ганц махны чиглэлийн сэлэнгэ үүлдрийн үхрийг 1984 онд үүлдэр болгон батлуулсан байдаг.
Энэ үүлдрийн үхрийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Алтанбулаг, Булган аймгийн Сэлэнгэ суманд цэврээр нь үржүүлж иржээ. Гэвч 1990 он гарснаас хойш энэ үүлдрийн үхэр сүргийн тоо толгой, үүлдэрлэг байдал, махан ашиг шим буурч устаж үгүй болох эрсдэлд хүрсэн байдаг.
Харин Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Газар-Агро” ХХК махны чиглэлийн Герефорд үүлдрийн үхрийн цөм сүргийн аж ахуйг байгуулснаар Сэлэнгэ үүлдрийн үхрийг устах аюулаас аварч, улмаар чанарыг сайжруулах, тоо толгойг өсгөх боломжийг бүрдүүлжээ.
Мөн 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн “Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийн чанар, ашиг шим, бүтээгдэхүүн борлуулалтыг сайжруулах, үржлийн ажил үйлчилгээг чадавхжуулах” төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн нь ч үр дүнгээ өгчээ.
Тухайлбал дээрх төслийг тус аймгийн Хушаат суманд хэрэгжүүлснээр Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийн чанар ашиг шим сайжирсан байна. Ингэснээр аймаг, орон нутагтаа болон бусад аймаг суманд үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч нийлүүлэх ажлыг бий болгож чадсан байна.
Тус аймаг өнөөдөр 1.9 сая толгой малтай. Үүний 15.1 хувь буюу 298.4 мянган толгойг үхэр сүрэг эзэлдэг. Нийт үхэр сүргийн 27.4 хувийг махны чиглэлийн Сэлэнгэ, Герефорд, Халимаг, Казахын цагаан толгойт, хар, улаан Ангус, Лимузин зэрэг үүлдрийн үхэр сүрэг эзэлж байна.
Аймгийн ИТХ-аас 2017 онд үхэр сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлэх мах-сүү, сүү-махны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор эрчимжсэн үхрийн аж ахуй аймгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд үхэр сүргийн тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ үүлдэрлэг байдал нь сайжирч байгаа аж.