Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгон зарласан бодлого, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого шийдвэртэй уялдсан нэгэн томоохон хөрөнгө оруулалтын ажлыг "Тэргүүн тэлмэн" ХХК хийж хэрэгжүүлээд байна.
Т.Энхбаяр захиралтай "Тэргүүн тэлмэн" ХХК-ийн хамт олны хэрэгжүүлж буй мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх санал санаачилгын үр дүнд Алтанбулаг суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эх суурийг тавиад байна. Тус компани Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Гүн нуурт” цэвэр хувийн хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуйг байгуулсан байна. Энэхүү ажлын төлөвлөсөн гүйцэтгэл 60 хувийн хэрэгжилттэй байгаа гэнэ. Тус компани нь үхрийн эрчимжсэн аж ахуйг байгуулах ажлын хүрээнд энэ онд 74 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 150 тн малын тэжээл, 300 тн дарш, 10 тн овьёсны үр бэлтгэжээ. Үхрийн аж ахуйд эх малаар махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 100 үхэр, хээлтүүлэгч малаар Герефорд үүлдрийн 5 бух худалдан авч, суурин маллагааны аргаар өсгөн үржүүлж байгаа аж. Мөн эл ажлынхаа хүрээнд газар тариалангийн техник, тоног төхөөрөмж болох хадуур, тармуур, тэжээлийн комбайн, зүтгэх хүчний трактор, тэжээл холигч зэргийг шинээр худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа гэв. Түүнчлэн үхрийн эрчимжсэн аж ахуйн барилга байгууламж, иж бүрэн тохижуулсан ажилчдын сууц, ажлын байр зэргийг бүтээн байгуулсан байна. Тус эрчимжсэн аж ахуйг байгуулахад нийт гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.
Сум орон нутгийн мал аж ахуйн талаар баримтлах, тэр дундаа үхрийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж энэхүү томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг "Тэргүүн тэлмэн" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэж байна.