Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам болон албаны хүмүүсийн хамт өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.Тэрээр тус аймагт ажиллахдаа хаврын тариалалтын явц байдал, эрчимжсэн үхрийн аж ахуйтай танилцахын зэрэгцээ зарим байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцах юм.
Тэрбээр тус аймгийн Зүүнбүрэн сумын “Газар Агро” компанийн эрчимжсэн аж ахуй эрхэлж буй үйл ажиллагаа, мөн “Арвин хур” компанийн усалгаатай тариалангийн талбайн үрсэлгээний ажлын явц, “Охиндий” хөндийд жимсний болон хүлэмжийн усалгаатай аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршилтай танилцав.
Мөн Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай автозамын заслын ажлын явц, Алтанбулаг сум дахь Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Хилийн боомтын үйл ажиллагаа, барилгын ажлын явц, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үйл ажиллагаа зэрэгтэй танилцана.
Мөн аймгийн төв Сүхбаатар суманд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгын хүрээнд барьсан 120 айлын орон сууцны ашиглалтын байдал, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, короновируст халдварын эсрэг дархлаажуулалт, орон нутагт үүсээд буй хүндрэлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцоно.