Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг ирэх даваа гаригт нисгэх аж.
Мөн Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авах юм байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам тавдугаар сарын 25-ны өдрийн шууд нислэгээр ирэх иргэдийг бүртгэн, нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэх аж. Энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг бүртгэж байгаа аж.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг шалгууруудыг тавьж байгаа аж. Ингээд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ.