Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЁОЛДОГГҮЙ ТӨСӨВ БА ЁРОВ, ЕМБОО


Хэдхэн хоногийн өмнө хот даяараа түгжрэлд “тэг” зогссон. Хаашаа ч хөдлөхгүй, байрандаа бүтэн 3 цаг зогсохыг түгжрэлийн дээд түвшин буюу “тэг зогсолт” гээд байгаа юм. Шар нь анивчсан машинтай, шээс нь чинэрсэн хүмүүст бол “тэг зогсолт” шиг тарчлаан байхгүй л дээ. Ялангуяа Яармагаас цааш амьдардаг иргэдийн тухайд ярих ч юм биш. Ажил, амьдралын “алтан” цаг ингэж автозам дээр өнгөрөөд байхаар ард түмэн мэдээж уурлана. Уурласан ард түмэн яах вэ, хотын хоёр дарга руугаа л харна, бас хараана.  
     Хоржоонтой нь, хотын хоёр дарга маань хариуд нь юу гэдэг гэж санана, бодохоос бухимдмаар. Жишээ нь, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Би түгжрэл дунд 3 цаг зогсож, биеэрээ мэдэрсэн. Манайхан зарим нь 5, 6 цаг зогссон байх. Ер нь бидний зовлон ижил шүү дээ” гэж байгаа юм. Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Би ч гэсэн адилхан түгжрээд л явж байгаа. Яах вэ, заримдаа Засгийн газрын хуралдаанд яараад ч юм уу, маяакаа асаагаад, татуулаад явдаг үе бий. Яармагаас явбал бүр бүтэхгүй юм билээ. Ирж очих гэж 4, 5 цаг” гэж байгаа юм. Түгжрэлийг шийдэж, “тэг зогсолт”-гүй хот болгох нь хийх ёстой, хариуцсан ажил нь байтал тэд “Бид ч адилхан түгжрээд явж байхад хэн нь хэнийгээ буруутгах юм” гэх маягтай ийм тайлбар хэлээд зогсож байх. Ийм хоёр даргатай, тэгснээ тэднээсээ түгжрэлийг бууруулах шийдэл хүлээгээд сууж байдаг бид үнэхээр хөөрхийлөлтэй байна.  
      Иргэдтэйгээ ижил зовлонтой гэж харагдах гэж ядсан энэ тайлбарууд нь ч яах вэ, бүр дүүрч. Харин “Хэзээ түгжрэлийг бууруулах вэ” гэдэг асуулт асуухад хариулсан тайлбар нь бүр ч хөгийн. Жишээ нь, Хотын дарга Д.Сумъяабазар “Ойрын тэдэн жилд түгжрэл тэдэн хувиар буурна гэж худлаа ярьж чадахгүй. Илбийн юм шиг түгжрэлгүй болгочихно гэж байхгүй. Ахиад 10 жил шаардлагатай” гэж даналзаж байгаа юм. Түүнийхээр бол ахиад 10 жил түгжрэл түмний зовлон байсаар байх нь. Ялангуяа Яармагийн иргэдэд ямар хэцүү сонсогдсон гэж санана, түүний энэ үг. Харин Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Иргэд намайг л “Түгжрэлийг бууруулах ямар нэг арга хэмжээ аваач ээ” гээд байх юм. Хурдан шийдчихэж болдог байсан бол надаас өмнө шийдчих байсан байлгүй дээ” гэж даапаалж байгаа юм. “Түгжрэлийг шийд” гэж Засагт зай гаргаж, Төрийн сайдын сэнтийд тухлуулж байхад “Надаас өмнө шийдчихгүй яасан юм” гэж ярвалзах нь ямар зохимжгүй харагдсан гэх вэ.  
      За, энэ тайлбарууд ч бүр дүүрч гэхэд, түгжрэлийг бууруулах төсвийн мөнгөө “чамласан” тайлбар нь бүр ч бачимдмаар. Харилцсан тохиролцсон аятай, нэг нь “Төсөвлөсөн мөнгө нь хариугүй бага байна” гэж чамлаж, нөгөө нь “Ахиад мөнгө хэрэгтэй байна” гэж нэхэхийг нь яана. Жишээ нь, Хотын дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийн 420 тэрбум төгрөг гээд л яриад байна. Энэ мөнгө чинь 120 сая ам.доллар л гэсэн үг шүү дээ. Түгжрэл бууруулахад хаанаа ч хүрэхгүй мөнгө. Зүгээр автобус авах хэмжээний л мөнгө шүү дээ. Ер нь төсвийн мөнгөөр түгжрэлийг бууруулна гэж байхгүй” гэж байгаа юм. Жилийн л өмнө дөө, хотын төсвөөс улсын төсөвт шилжүүлэх ёстой 420 тэрбум төгрөгийг хотын төсөвт нь үлдээж, тэр мөнгийг түгжрэлд зарцуулах Засгийн газрын тогтоол гарсан. Түгжрэлд түгдчиж аргаа барсан ард түмэн ч “Ашгүй, түгжрэлийг бууруулах төсөвтэй боллоо” гэж баярласан. Хот ч энэ мөнгийг уухайн тас, “ураа” хашхираад үрж орхисон. Жишээ нь, 80 тэрбумыг цэцэрлэг барихад, 10 тэрбумыг сургууль барихад, 70 тэрбумыг зам барихад, 77 тэрбумыг автобус шинэчлэхэд, 16 тэрбумыг граж, хашаа хайс буулгахад, 5.0 тэрбумыг зогсоол барихад гэх мэтээр зарцуулж дуусгасан гэх. Гэтэл үрэхдээ юм хэлээгүй Хотын дарга үр дүн нэхэгдээд эхлэхээр “Тиймхэн мөнгөөр түгжрэл бууруулахгүй. Ер нь ч төсвийн мөнгөөр түгжрэлийг бууруулна гэж байхгүй” гэх маягтай яриад сууж байгаа нь ямар гээчийн доромжлол вэ. Түүнийхээр бол 420 тэрбум “бохины” төдий л мөнгө байж л дээ. 
      Харин Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нь “Ирэх онд төсвийн 339 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобусны шинэчлэл хийнэ. Дээрээс нь урд хөршөөс 30 сая ам.доллар зээлж, төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц барихаар болсон” гэж ярьж яваа. 339 тэрбум төгрөг дээр 30 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийг нэмбэл 140 орчим тэрбум төгрөгийг ирэх онд түгжрэлийн эсрэг нэрээр зарцуулах нь ээ гэсэн үг. Нэг нь энэ жил зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг тайлагнаж чадахгүй мунгинах мөртөө чамлаж байхад нөгөө нь ирэх онд дахиад мөнгө зарцуулах тухай яриад сууж байх. Улаанбаатарын утаа улстөрчдийн мөнгө идэх арга байсан. Түгжрэл ч бас тийм зам руу л орчих шиг...             Энэ мэтээр хотын хоёр даргын хэлсэн үг, хийж байгаа үйлдлээс нь яаж ч хичээгээд түгжрэлийг хэзээ, хэрхэн бууруулах тухай тоймтой төсөөлөл огт төрөхгүй байна. Хэзээ бууруулах вэ гэж асуухаар “Ахиад 10 жил” гэж хэдэн ёдор хариулчихаад, яаж бууруулах вэ гэж асуухаар “Төсвийн багахан мөнгөөр лав биш” гэж хэг ёг хийчихээд сууж байгаа тэдний энэ байдлаас түгжрэлийг бууруулах төсөөлөл яаж ч төрөх билээ. Гэтэл мөнгө урссаар, мөнөөх янзаараа түгжирсээр. Төсвийн мөнгө ёолохгүй нь сайхан юм даа, Ёров, Ембоо хоёрт. 

https://ergelt.mn/news/44/single/27633
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ