Мал эмнэлгийн Ерөнхий газраас гаргасан /2022.10.28/ мэдээллээс харахад бог малын мялзан өвчний улмаас Архангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймгийн нийт 12 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж. Одоогийн байдлаар нийт 7000 гаруй бог мал мялзан өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд тэдгээрийн 1754 нь үхэж, устсан байна.
Бог малын мялзан өвчин (БММ) нь Morbillivirus-ээр үүсгэгддэг ихэвчлэн хонь, ямаа өвчлөх бөгөөд тэмээ, гөрөөс зэрэг хэвэгч амьтад халдварладаг. Зарим зэрлэг хэвэгч амьтад хүнд явцтай өвчилдөг болохыг тогтоосон. Эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг үхэл, хорогдол өндөртэй өвчин юм. Бог малын мялзан өвчин нь Африкийн ихэнх оронд тархсан ч сүүлийн жилүүдэд төв Ази, зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодод илрэх болсон байна.
Уг өвчний вирус агаар дуслын замаар дамжин амьсгалын замаар халдварлаж, номойрох, тэжээл идэх дуршил алдагдах, өндөр халуурах, амны хөндий шархлах, чацга алдах болон уушгины цочмог үрэвсэл үүсч улмаар үхлээр төгсдөг ажээ.