Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчин гарч, өнөөдрийн байдлаар 1986 тоо толгой малд халдварласан байна. Тодруулбал, 4 үхэр, 879 ямаа, 1103 хонь өвчилжээ.
Голомтын бүсэд 59 өрхийн 24917 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байгаа ба тус сумын ЗДТГ-аас голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон, 10 эргүүл ажиллуулж байна.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.
Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог аж.
Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварладаг учраас өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хороо, бууцандаа халдваргүйжүүлэлт хийх, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.