Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хилийн 0165, 0285 дугаар ангиуд хамтран Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 22-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга Д.Бауыржан болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, хилийн 0165 ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох, хилийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөнөөр Хил хамгаалалтад тулах хүчний тухайн онд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв. Зөвлөлийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 4, Засаг даргын Тамгын газрын чиглэлээр хийх 7, Монгол Улсын Хилийн тухай хуульд “Хилийн аймаг, сумдын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах” гэж заасны дагуу хилийн цэргийн 0165 дугаар ангид 6, хилийн цэргийн 0285 дугаар ангид 4, нийт 21 ажил хийхээр тусгажээ. Үүнээс 16 ажил бүрэн, 1 ажил хагас биелсэн байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 4 ажил биелээгүй ба төлөвлөгөө 78.5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэв.
Зөвлөгөөний үеэр хилчдийн бэлтгэл, ур чадварыг харуулсан гардан тулааны үзүүлбэр үзүүлж, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүдийн дунд буудлагын тэмцээн зохион байгууллаа.