АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдаж буй Элон Маск болон Вивек Рамасвами нар холбооны засгийн газарт томоохон хэмжээний цомхотгол явуулна гэж мэдэгдсэн билээ. Төрийн албаны олон ажилтан цомхотголд багтах вий гэсэн айдастай байсан. Тэгвэл тэдний айдас биеллээ олох цаг ойртжээ.
Тодруулбал, Элон Маск өнгөрсөн долоо хоногт "Х" платформдоо эхний цомхотголоо зарлав. Тэрбээр цаг уурын асуудалтай холбоотой ойлгомжгүй гэмээр албан тушаал хашиж байсан дөрвөн хүний нэрийг ил болгожээ. Энэ мэдэгдлийн дараа дөрвөн хүний нэг нь цахим хаягаа устгасан байв.
Цомхотголд орж буй албан тушаалтнуудын нэрсийг ил зарласан мэт боловч энэ нь цаагуураа өөр зорилготой. Тодруулбал, тус мэдэгдлийн зорилтот бай нь олон нийт шууд харьцдаггүй, төдийлөн ил байдаггүй ажилтнууд юм. Элон Маск хөшигний ард байгаа хүнд сурталтнуудыг ил гаргаж ирнэ гэсэн тул олон хүн амьдрал нь өөрчлөгдөх вий гэж эмээж байна.
"Энэ тактик нь холбооны ажилтнуудад айдас төрүүлэх зорилготой. Тэднийг үг хэлэх зориггүй болгох зорилготой" гэж АНУ-ын Төрийн албан хаагчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли хэллээ. АНУ нийт 2.3 сая холбооны алба хаагчтай бөгөөд эндээс 800 мянга нь Төрийн албан хаагчдын холбоонд харьяалагддаг.