http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ


Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий. Ялангуяа пара спортын тамирчдын хувьд ялалт гэдэг өрсөлдөгчөө ялахаас гадна өөрийн боломжийн хязгаарыг тэлж, бусдад итгэл найдвар бэлэглэхийн нэр юм. Тиймээс тэдний амжилт спортын талбайгаас хальж, нийгэмд урам зориг түгээдэг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа бид Монголын пара таеквондогийн тамирчин, Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр тивийн дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулж, Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо. Түүний энэхүү амжилт Монголын спортын бахархлыг нэгээр нэмээд зогсохгүй олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үнэ цэнтэй үйл явдал байв. 

Бага насны сахилгагүй хүүгээс дэлхийн аварга хүртэл

сонин mn
Түүний бага нас Сүхбаатар аймагт өнгөрчээ. Тэрбээр өөрийн ярилцлагадаа багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан тухайгаа дурдсан байдаг. Харин таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээр амьдралынх нь хандлага өөрчлөгдөж, спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна.

2008 онд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубт таеквондогоор хичээллэж эхэлсэн тэрбээр анхны тэмцээндээ оролцсон даруйдаа мөнгөн медаль хүртжээ. Тэрхүү эхний амжилт цаашдын замналынх нь эхлэл болсон юм.

Анхны дасгалжуулагч Н.Нэргүйгийн удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлж, олон улсын таеквондогоор зургаан жил хичээллэсний дараа 2015 оноос пара таеквондогийн төрөлд хүч сорих болжээ. Түүний хувьд спорт зөвхөн өрсөлдөх талбар байгаагүй. Харин өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх итгэлийг өгсөн орчин байв. Г.Болор-Эрдэнэ нэг ярилцлагадаа таеквондо өөрийг нь урам зориг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон тухай ярьсан байдаг. 

Мөнгөн медалиас алтан оргил өөд

Өндөр түвшний спортод амжилт гаргана гэдэг нэг удаагийн ялалтын хэрэг биш. Харин бэлтгэл сургуулилалт, сахилга бат, сэтгэл зүйн бэлтгэл, өрсөлдөгчөө судлах ухаан гээд олон хүчин зүйлийн нэгдэл юм. Тэр дундаа таеквондо шиг хором бүрд шийдвэр гаргаж, өчүүхэн боломжийг ч оноо болгон хувиргах шаардлагатай спортод тамирчны төвлөрөл, тактикийн мэдрэмж онцгой чухал. Г.Болор-Эрдэнэ Парисын паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа дэлхийн хэмжээний өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөх чадвартайгаа хэдийнэ харуулсан. Харин энэ удаа тивийн дэвжээнд тэр амжилтаа ахиулж, алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын онцлох хуудсуудын нэг боллоо. Паралимпын мөнгөн медаль бол тамирчны ур чадвар, хөдөлмөрийн томоохон илэрхийлэл. Харин түүний дараа Азийн наадамд түрүүлсэн нь амжилтаа хадгалахын зэрэгцээ шинэ зорилго өөд тэмүүлж буйн илрэл юм. Өмнөх амжилтдаа сэтгэл ханалгүй, дараагийн сорилтод өөрийгөө бэлтгэх нь шилдэг тамирчдыг бусдаас ялгаруулдаг чанар билээ. 

Шийдвэрлэх тулаанд харуулсан ур чадвар

Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг-ын жинд өрсөлдсөн юм. Аваргын төлөөх замнал нь амар байгаагүй. Тэрбээр эхлээд Казахстаны Айбек Жумангалиг ялж, улмаар хагас шигшээд Ираны Саейд Садегианпурыг буулган авснаар финалд шалгарсан юм. Ийнхүү аваргын төлөөх тулаанд Узбекистаны Кудратжон Хайдаровтай учраа таарсан Г.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 2:1-ий харьцаатай ялсан юм. Тэрбээр өмнө бидэнд өгсөн ярилцлагадаа “Би дэвжээнд гарахаасаа өмнө тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Би ямар тэмцээндээ өрсөлдөх гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэлээ тааруулдаг. Ер нь өдөрт дунджаар 2-3 бэлтгэл хийж байна. Жирийн үед ойрын зорилгоо хардаг. Шигшээ багийн ах нараасаа үргэлж суралцдаг. Тэмүүжин, Түмэнбаяр, Шинэбаяр гээд ах нар бий. Ах нарынхаа уужуу байдлыг хараад амар амгаланг мэдэрдэг. Хүн ийм зантай, тайван байх ёстой гэдгийг суралцдаг. Тэмүүжин ах “Рио-2014” олимпод амжилттай оролцсон. Түмэнбаяр ах гэхэд бэлтгэлийг яс хийдэг их хариуцлагатай. Хүн ингэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг олж хардаг” тухайгаа хэлж байсан. Тиймдээ ийнхүү пара таеквондогийн дэвжээнд Монголын төрийн далбааг өндөрт өргөж, эх орныхоо медалийн буухианд алтан өнгө нэмэв.   

Нэг тамирчны ялалт, Монголын спортын бахархал

Спортын амжилт хувь хүний хөдөлмөрөөс эхэлдэг ч түүний үнэ цэн олон хүнд хүрч байж улам тодордог. Тив, дэлхийн тэмцээнд түрүүлсэн тамирчин эх орныхоо нэрийг дуурсгахаас гадна дараагийн үеийнхэнд зорилго тавих, түүндээ тууштай хүрэхийн үлгэр дуурайл болдог. 

Г.Болор-Эрдэнийн амжилтыг ч энэ өнцгөөс харах учиртай. Парисын паралимпын мөнгөн медаль, Азийн наадмын алтан медаль нь түүний олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг илтгэхийн зэрэгцээ Монголын пара таеквондогийн хөгжлийг төлөөлж байна.

Пара спортын тамирчдын медаль бүр өөрийн гэсэн түүхтэй. Мөнгөн медаль нь дараагийн зорилгын эхлэл болж, алтан медаль нь хөдөлмөрийн үнэ цэнийг баталдаг. Харин жинхэнэ амжилт гэдэг тэнд хүрээд зогсох бус, цаашид ч өөрийгөө сорих зориг юм. Г.Болор-Эрдэнийн тивийн аваргын алтан медаль энэ замналынх нь нэгэн тод хуудас болон үлдэж, Монголын пара спортын бахархлын нэг хэсэг болон бичигдлээ. Тиймдээ ч ирэх “Лос-Анжелес-2028” паралимпын наадамд өмнөх ярилцлагынхаа алтан медаль хүртэх хүслээ гүйцээх буй биз ээ. 


Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ