http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлттэй хүүхдүүд 10 орчим хувийг эзэлж байна


Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2026 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд:• 198,302 хүүхэд буюу зорилтот бүлгийн 69.4 хувь нь үзлэгт хамрагдаж эхэлсэн.
• 130,450 хүүхэд буюу 45.7 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээгээр 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж буй. Тодруулбал, хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна гурван настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, зургаан настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийж байгаа.
Үзлэгийн гол зорилго нь хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, хүндрэлээс урьдчилан сэргийлэх юм. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Эрүүл мэднийн яамнаас уриаллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ