Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Саудын Арабын хаан олон жилийн турш өөрийн охидыг гэрийн хорионд хорьж, хар тамхиар шахдаг байжээ


Саудын Араб олон жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамгийн консерватив бодлоготой лалын шашинтай орнуудын нэг гэж тооцогддог. Харин Абдалла  хааны үеэд  эл байдал эерэг тал руу өөрчлөгдөж эхэлсэн юм. Тэрээр эмэгтэйчүүдийг хүчээр гэрлэлүүлэхийг халж,  дээд боловсрол эзэмшихийг зөвшөөрч,  гэрээсээ гадуур ганцаараа  гарах боломжийг олгосон байна. Түүний хаанчлалын үед анх удаа эмэгтэй хүн дэд сайдын албан тушаалыг хүлээн авч байв. Тэр байтугай Абдалла хаан  Пап ламтай уулзсан Саудын Арабын анхны хаан юм.
Гэсэн ч либерал шинэчлэлийг дэмжигч Абдалла хаан  дөрвөн охиноо жинхэнэ хоригдол болгосон гэдгийг маш цөөхөн хүн мэддэг байв.  Хоригдол  гүнжүүдийн амьдрал, үхлийн талаарх мэдээлэл саяхан олон нийтэд ил болжээ.
Абдалла хааны  хувийн эмчээр олон жил ажилласан АНУ-ын иргэн  Дуайт Бердик эх орондоо буцаж ирээд Саудын Арабын хааны гэр бүлийн хэрцгий ёс суртахууны талаар сэтгүүлчдэд ярьжээ.
Абдалла олон удаа гэрлэж, олон удаа  салсан хүн. Тэрээр нийтдээ 30 орчим эхнэртэй байсан ч ердөө дөрөв нь л түүнтэй хамт амьдардаг байжээ. Хаан нийтдээ  15 хүү, 20 охинтой байв.
1995 оноос хойш Абдалла хааны хувийн эмч хийж байсан Бердик 2000-аад оны дундуур өндөр настай болсон тул эл албан тушаалаа орхиж,  хааны төрөл төрөгсдөд тусламж үзүүлж, зөвлөх эмчийн үүрэгтэй болжээ. Энэ ажилынхаа хүрээнд эмч  Улаан тэнгисийн эрэг дээрх хааны нэрэмжит асар том  эмнэлэгт байнга очдог байв.Тэнд л Бердик  хааны хоригдмол дөрвөн охины тухай анх мэджээ.
2008 онд Хала гүнжийг тайвшруулахын тулд гүнж нарын амьдардаг харшид ирэхийг Бердикээс хүсжээ.
Түүнийг гайхалтай тансаг харш руу ороход чих дүжрим барууны поп хөгжмийн нүргэлээн дунд  Хала гүнж гартаа хутга барин шатан дээр зогсож байв.
Бердикийн хэлснээр Хала гүнж богинохон тайрмал хар үстэй, туранхай гоолиг биетэй 20 гаруй насны бүсгүй байв.
Бердикийг дөхөж очиход залуу эмэгтэй “Би хааны охин, чи хэн ч биш. Надад бүү хүр” гэж ууртай дуугарсан байна. Эмч түүнд хүрэхгүй гэдгээ амласан бөгөөд хэрсэг ярилцсаны дараа  гүнж аажимдаа тайвшран, хутгаа холдуулсан байна.
Хала гүнж  эгч дүүс болох Маха, Сахар, Жавахер нарын хамт  эл ордонд  хоригдож байгаагаа  Бертик эмчид ярьжээ. Гүнжүүдийн ээж хааны эхнэрүүдийн нэг байсан бөгөөд  дарангуйлагч нөхрөөсөө Лондон руу зугтсанаас хойш охидыг гэрийн хорионд оруулсан байна .
Хала болон түүний эгч нар Иорданы эзэн хааны гэр бүлийн гишүүн  Алануд Аль-Файез гүнжийн  охид юм. Абдулла тавин настай байхдаа  арвантавтай Аль-Файезтай гэрлэсэн аж. Гүнжүүд ээжийгээ байхад  харьцангуй эрх чөлөөг эдэлж, үнэтэй сургуульд сурч,  ээжтэйгээ хамт аялдаг байв.
Абдалла хаан эхнэр Аль-Файезийг  хүү төрүүлж чадаагүй хэмээн буруутган түүнээс нүүр буруулснаар бүх зүйл өөрчлөгдсөн байна. Аль-Файез 2003 онд  Их Британи руу  зугтан гарсныхаа  дараа охидоо өөр дээрээ авах гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн байдаг.
Бердик хааны эмнэлэгт ирээд гүнжүүдийн өвчний түүхийг уншвал, тэдэнд тогтмол маш хүчтэй тайвшруулах эмүүдийг хослуулан өгдөг байсныг олж мэдээд цочиролд оржээ.Үүнээс гадна  эгч дүүс кокаин, амфетамин г.м мансууруулах бодис болон согтууруулах  ундааг хязгааргүй хэрэглэх боломжтой байсан нь тэдний эрүүл мэндийг улам эрсдэлд оруулж байв. Хамгийн аймшигтай нь удалгүй Бердик эдгээр эмийн жорыг бичих ёстой хүн болохыг  олж мэдэв.
Татгалзсан тохиолдолд илүү чих зөөлөн эмчээр солих нь ойлгомжтой. Дээрээс нь олон жил хэрэглэсний дараа тэдгээр эмийг гэнэт зогсоох нь  аюултай  үр дагаварт хүргэж болзошгүйг Бердик мэдэж байв. Тиймээс эмч гүнжүүдэд ядаж хорт зуршлаас нь салахад туслахыг зорьжээ.
Бердик долоон жил гаруй хугацаанд гүнж нарт тайвшруулах эм өгөх үүрэгтэй итгэмжлэгдсэн эмч нарын багийн нэг хэсэг байв. Тэрбээр аажмаар эмийн тунг багасгаж, өөр эмээр сольсоор хэсэг хугацаанд тэднийг хамаарлаас салгаж чаджээ.
Гүнжүүдийн, ялангуяа Хала охины авъяас чадвар, оюун ухаан Бердикийг гайхшруулсан байна. Хала Италид амьдрахыг мөрөөддөг бөгөөд сэтгэл зүйч болохыг хүсдэг байж. Энэ талаар  аавтайгаа ярилцахыг Бердик санал болгожээ.
Хар тамхи болон архины хамаарлаасаа ангижирч, сэтгэл зүйн тогтвортой болсон Хала гүнж хаан эцэгтэйгээ  оройн хоол хамт идэх зөвшөөрлийг авч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар ярьжээ.
Гэсэн хэдий ч хаан Халаг эхлээд гэрлэх ёстой гэж  шаардав. Гүнж  эцгийнхээ шаардлагыг дагах хүсэл байгаагүй тул түүний төлөвлөгөө  бүтэлгүйтэх нь тэр. Гүнж  хаан эцэгтэйгээ уулзах цаг дахин авч чадаагүй байна. Тэр оройноос хойш удалгүй  Хала дахин архи ууж, хар тамхи хэрэглэж эхэлжээ.
Хоригдол гүнжүүдийн  тухай мэдээлэл анх 2014 онд гарсан байдаг. Сахар, Жавахед хоёр сэтгүүлчидтэй холбогдож, товч ярилцлага өгснөөр тэдний байдал нийтэд ил болжээ. Харамсалтай нь энэ нь тэдний байдлыг дээрдүүлээгүй бөгөөд эл үйлдлийнхээ хатуу төлөөсийг төлөх болсон байна. Охидыг хооллохоо больж, , усыг нь хааж, харх, шавьжаар гэрийг нь дүүргэжээ.
Бердик эмч  албан тушаалаа ашиглан Халад хоол хүнс нууцаар  авчирдаг болов. Хала сагсанд хоол хийж, байшингийн дээвэр дээрээс өлсөж буй эгч нартаа өгдөг байв.
Энэ үеэр гүнжүүдийн ээж охидыг нь хар тамхинд санаатагаар  оруулж, хоол ундаар хяхан,  эрүүл мэндэд нь аюул учруулж байна хэмээн мэдэгдэж НҮБ-аас тусламж хүсжээ.
Хэд хэдэн мэдэгдлийн дараа НҮБ-ын төлөөлөгчид гүнжүүдийн хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсэн ч  ямар нэгэн хариу ирээгүй байна. Аль-Файез Саудын Арабын Элчин сайдын яаманд эсэргүүцлээ илэрхийлж, чадах чинээгээрээ тэмцсэн ч охиддоо юугаар ч тусалж чадаагүй юм.
Тэрээр 2015 онд Абдаллаг нас барсны дараа гүнж нарыг аврах бүх оролдлогоо зогсоожээ. Учир нь Абдалла хаан нас барснаар охидын амь нас  үнэ цэнээ алдаж, олон нийтийн дуулиан  тэдний байдлын улам хүндрүүлж, бүр үхэлд хүргэж болзошгүй хэмээн эмээжээ.
Бердик эмч  Абдаллаг нас барахын өмнөхөн АНУ руу буцсан байна. Түүний нас өндөр болж, мөн гүнжүүдэд тусалж чадахгүй нь тодорхой болсон байв.
Түүний хэлснээр, хамгийн сүүлд гүнжүүдтэй уулзахад  Хала, Маха нар хар тамхины мансууралд автан, зөвхөн хөгжим сонсож, хоол ч бараг идэхээ больсон байв. Тэд амьдрах ямар ч хүсэл эрмэлзэлгүй болсон  байлаа.
2015 оноос хойш гүнж нар гадаад ертөнцтэй холбоо тасарчээ. Тэдний найз нөхөд, хүний эрхийн төлөө тэмцэгчид тэднээс ямар нэгэн мессеж хүлээж авахаа больсон байна. Саудын Арабын засгийн газар гүнж нарын хувь заяаны талаар лавласан хүний эрхийн  байгууллагын удаа дараагийн  асуултад хариу өгөхөөс татгалзжээ.
Бердик эмч одоо 82 настай. Тэрбээр Халаг 2021 онд нас барсныг мэдээд энэ тухай  нийтэл ил болгож ярих хэрэгтэй хэмээн шийдсэн байна.
Түүний бодлоор гүнжийн үхлийн шалтгаан хар тамхины хэрэглээнээс үүдэлтэй ядарч туйлдсан явдал юм.
Халагийн  эгч Маха зургаан сарын дараа нас баржээ. Нөгөө хоёр гүнжийн талаар одоог болтол  ямар нэгэн мэдээлэл байхгүй аж.
“Абдалла хаан  бол миний маш их хүндэлдэг хүн. Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд түүчээлсэн, олон улсын тавцанд сайн сайхны төлөөх хүч байсан хүн дөрвөн охиноо алтан торонд хорьж, 15 жил бие сэтгэлийг нь тамлан зовоосон хүн яаж нэг биед оршиж байсан юм бол” гэж Бердик эмч одоо ч гайхдаг.

https://www.unuudur.mn/a/272451
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ