http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Махны үнэ буурах ч лөөлөө боллоо


Хаврын цагт нийслэлчүүд ийм үнэтэй мах идэж байсан нь тун ховор билээ. Угтаа бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат махны үнэ зургадугаар сарын 15-аас буурна гэж ам өгчихсөн. Гэвч өнөөдөр махны үнэ буурсангүй харин ч эсэргээрээ 40 мянга давчихав.
Статистикийн мэдээллээс харахад махны үнэ тийм өндөр биш байгаа ч бодит байдал дээр зах, худалдааны төвүүдэд 35 мянгаас дээшилж, одоо бүр орон нутагт нь ч нэмэгджээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд махны үнэ лав буурсангүй. Учир нь баруун аймгуудад шүлхий өвчин гарч, бүр Сэлэнгэ аймаг руу хүртэл шилжсэн учраас махны үнэ буураагүй, цаашид ч буурах эсэх нь тодорхойгүй гэдгийг мах худалдаачид хэлж байлаа.
Дан ганц мах гэлтгүй өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг манай дарга нар анзаарч байгаа ч юм алга.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2026 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 27763 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33883 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтойгоо харьцуулахад 0.4 хувийн өсөлттэй гарсан гэж мэдээлж. Харин энэ долоо хоногт энэ тоо бүүр ч нэмэгдэж, баруун аймгуудад гарсан шүлхий өвчнөөс шалтгаалж, хөдөөнөөс ирэх махны тоо буурч, ийнхүү өсөхөд хүрсэн гэдгийг худалдаачид хэлж байна.
Баян-Өлгий, Ховд аймгийн хэмжээнд гарсан "САТ-1" хэвшлийн шүлхий өвчний тохиолдлууд бүртгэгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл вакцины асуудал толгойны өвчин хэвээр байна. Ийн шүлхий гарснаас баруун аймгуудад шүлхийтэй малыг усгалд оруулж, зарим аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг ч хориглоод эхэлсэн. Анх Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн бол өнөөдөр Өвөрхангай, Төв, Сэлэнгэ гээд илүү өргөн хүрээг хамрахаар байгаа учраас вакцины асуудлыг яаравчлахгүй бол махны үнэ буурах нь ч ёстой лөөлөө болохоор байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Монгол Улсын хэмжээнд урьд нь О хэвшлийн шүлхий бүртгэгдэж байсан бол А хэвшлийн шүлхий 2000 оноос хойш гурван удаа гарч байсан. Гэтэл энэ оны тавдугаар сарын 22-ны өдрөөс Монгол Улсад гарч байгаагүй ‘САТ-1’ хэвшлийн шүлхий өвчин Баян-Өлгий аймгийн хил дагуу сумдуудад гарсан. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас өнгөрсөн сарын 25-нд төв лабораторийн хариу гарч ‘САТ-1’ хэвшлийн шүлхий гэдэг нь батлагдлаа. Мөн тавдугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт ‘САТ-1’ хэвшлийн шүлхий гарсан. Энэхүү шүлхий өвчний хэвшлүүд нь хилийн дагуу гарч байна.
Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын баруун хойд хэсэг, ОХУ-ын баруун урдуур гарч байна. ‘САТ-1’ хэвшилтэй тэмцэхэд хөл хорио, утгал болон вакцинжуулалт хийх шаардлага үүсээд байгаа. Энэхшүү хэвшлийн шүлхий өвчний вакцин дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон. Тийм учраас Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулж вакцин худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Хоёр улсад ‘САТ-1’ хэвшлийн шүлхий өвчний вакцин үйлдвэрлэгдэж байгаа. Тиймээс урт дарааллын улмаас хоёр сар гаруй хүлээх эрсдэлтэй нөхцөлд байна. Нөхцөл байдлыг цааш хүндрүүлэхгүйн тулд ОХУ-аас вакцин худалдан авах процессыг хурдлуулахын төлөө ажиллаж байна" гэсэн тайлбарыг өгчээ.
Тэгэхээр вакцин бэлэн байхгүй, шүлхий зэрэгт улсаараа бэлэн биш байсан учраас вакцинаа ч бэлдээгүй, ингээд сумаас аймаг, аймгаас аймаг руу дамжсаар монголчууд хямдхан мах идэх асуудал алсарч байна.
Угтаа бол махны үнийг бууруулахын тулд нөөцийн мах худалдаанд гаргах асуудал яригдаж, үүнээс болж экс Хотын дарга Х.Нямбаатар огцорч байсан нь тун саяхан. Х.Нямбаатар огцорсон учраас нийслэлчүүд хямд мах идэх нь ээ гэж баярлаж суусан чинь дээрээс нь шүлхий нэмэгдчихэв. Одоо шүлхий гарч, махны үнэ бүр их үнэд орсонд хэн нэгэнд хариуцлага ярих ёстой бол "Үнэ зургадугаар сарын 15-аас буурч эхэлнэ" гэж амлалт өгсөн Ц.Идэрбат сайддаа хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа!
Ерөөсөө эрсдэлд бэлэн биш, салбараа мэддэггүй хүмүүсийг сайдаар томилж, өргөн хэрэглээний барааныхаа үнийг ч мэдэхгүй хүмүүсээр салбар удирдуулдаг, аливаа салбарт мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийж ирсний гор л доо. Тиймээс цаашид монголчууд мах "магнаг" болж байгааг, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгааг гайхахаас илүү ийм нөхцөл байдалд хүргэсэн хүмүүст нь хариуцлага ярьдаг, тооцдог шаардлагыг тавьж эхлэх цаг болжээ.

https://news.mn/r/2872326/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ