
Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой 2025 оныг хэлэлцээр хийж чадалгүй үдэв. Сайд нар нь хэдий хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн ч урагштай, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өдөрт 10 тэрбумыг тооцож төлдөг, Оюутолгойн зээлийн хүүг бууруулахгүй бол ногдол ашиг авах хугацаа улам хойшилно гэдгийг Оюутолгойн түр хорооны гишүүд удаа дараа хэлсэн. Зээлийн хүү нь 11 орчим хувь. "Рио Тинто" олон улсаас бага хүүтэй зээл босгоод "Оюутолгой"-д 11 хувийн хүүтэйгээр зээлдэгийг ТУЗ-ийн гишүүн асан Г.Баясгалан маш тодорхой тайлбарласан. Ийм л шударга бус байгаа юм. Уг нь долоон жилийн өмнө зээлийн хүүг бууруулах боломжтой байв. Гэтэл нөлөөлөлд автсан уу, ямартай ч манай эрх баригчид хийж чадаагүй. Энэ талаар өгүүлье.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой байсан өмнөх хугацаа нь 2018 он. Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байв. “Рио”-гийн талтай идэвхтэй уулзаж, хэлэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй. 2018.10.10-нд “Оюутолгойн гэрээг ашигтай болгох таван чиглэлд тохиролцоонд хүрлээ” хэмээн Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдээлсэн ч яагаад ч юм хэлэлцээр үр дүнд хүрээгүй. 2018 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Г.Занданшатар ажлын хэсгийн өмнүүр орж, ‘Рио Тинто’-той очиж уулзаад, сөгдөж мөргөөд яваад байна” гэж мэдэгдэж байв. Мөн гишүүд “Рио Тинто” Засгийн газарт шахалт үзүүлээд эхэлсэн” гэж ч удаа дараа мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш 7 жилийн турш бид зээлийн хүүгээ тооцуулсаар ирлээ.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжит 7 жилийн хугацаа бүрд Г.Занданшатар Засгийн газрын чухал албан тушаал хашиж таардаг нь ч сонин. Саяхан болсон нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа “2018 онд зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж чадаагүй, эс үйлдэхүй гаргасан хүмүүст яагаад хариуцлага хүлээлгээгүй”-г хөндсөн удаатай. Монголчууд хүртэх ёстой ашиг авах хугацаа ийнхүү хойшилсонд яагаад хариуцлага яригдахгүй байна вэ?
https://tsahiur.mn/n/s/26007







