Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ:Эх дэлхийн сэтгүүлчид буюу Буйраас эхэлсэн санаачилга



Аян замын тэмдэглэл-2

Өмнөх нь 2022.08.31-нд
Мэнэнгийн талд явсаар оройтож ирсэн тул Буйр нуурын эргээс наран жаргахын харж амжсангүй.Нар шингэх үед Буйр нуур өнгө зүсээ өөрчилж байгалийн гоо үзэсгэлэнгээ хэрхэн дэлгэх бол гэж яарсан билээ. “Бид эх дэлхийн сэтгүүлч “Буйр-2022” форумын үндсэн үйл ажиллагаа наймдугаар сарын 09-ний орой Буйр нуурын торгон эрэг дээр эхэлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэлсэн юм.
Тэрээр МСНЭ-ийн Дорнод салбарынхаа чадварлаг, уран бүтээлч хамт олны санал санаачилгыг МСНЭ-ийн Удирдах зөвлөл сайшаан дэмжиж Дорнод тал нутгийн өнгө үзэмж болсон Буйр нуурын эрэг дээр Орон нутгийнхаа сэтгүүлчдийн форумыг “Бид эх дэлхийн сэтгүүлч “Буйр-2022” уриатайгаар эхэлж байна.
Сэтгүүлчид бид нэгдэж  хариуцлагатай уул уурхайг буй болгох,  тогтвортой аялал жуулчлалыг буй болгох хариуцлагагүй уул уурхайг халах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахын төлөө хуран чуулж байна. Бидний хуран чуулж байгаа энэ мөчтэй зэрэгцэн Монгол Улсын төрийн тэргүүний Нэгдсэн Үндэсний байгууллагын төв индрээс зарласан санал санаачилга ажил хэрэг болж байгааг сайшаан талархаж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш  Монгол Улсад айлчилж байгаа нь бидний өнөөдрийн форумын үнэ цэнийг харуулж бид ч дэлхий нийттэй хөл нийлүүлж  албаж байгаагийн илрэл гэж ойлгож байна.
Дэлхий нийтэд тулгарч байгаа сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтолтой тэмцэх , ой усны  хомсдолыг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга мод тарьж ургуулах гэсэн төрийн тэргүүний санал санаачилгад сэтгүүлч бид ч  гар бие оролцож дуу хоолойгоо нэгтгэх нь зүйтэй юм. Монгол орны баруун алтайгаас  Хянганы нуруу хүртэлх уудам газар нутгаас  хүрэлцэн ирсэн  сэтгүүлчид маань форумаас байгаль орчноо хамгаалах,  хамтран ажиллах  уриалга гаргана гэдэгт итгэж байна” гэв. Форумын хөтөлбөрийн дагуу Дорнод аймаг уул уурхай, аялал жуулчлалын салбартаа ямар бодлого баримталж байгаа талаар, “Хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлэх нь” сэдвээр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Степ гоулд” компанийн төлөөлөл тус тус мэдээлэл өгөв.
Дорнод аймгийн Цагаан овоо суманд “Алтан Цагаан овоо” төслийг хэрэгжүүлдэг “Степ гоулд” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэд нь  ам сайтай байдаг аж. Компанийн ажилчдын 70 хувийг Цагаан овоо сумаас бүрдүүлж сарын дундаж цалинг 1,5 сая төгрөгөөр тооцдог бол Цагаан-Овоо сумын бүх малчин өрхөөс ээлжлэн хүнсний махаа худалдан авдаг байна.
Дор хаяж нэг өрхөөс хоёроос гурван үхрийн махыг зах зээлийн үнээр худалдан авч газар дээр нь төлбөрийг нь шилжүүлдэг  аж. Цар тахлын хүнд үед ажилчдынхаа цалинг бүтэн олгож байсан, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж  санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, сум орон нутгийн иргэд  удирдлагатай ойлголцож ажилладаг гээд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлдэг байна. Мөн орон нутгаас хэвлэл мэдээллийн салбарын зарим ажилтнуудад орон сууцны хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг ч үзүүлжээ.
Буйр нуур Дэлхийн нуур
default
Өглөө эртлэн босч Буйр нуурын эргээр алхлаа. Нуурын нийт талбай 615 хавтгай дөрвөлжин километр, урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр,  өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр аж. Саравчлан саравчлаад ч алс эргийг нь харж амжихааргүй их усан далайн эргийн зөөлөн элсэн ширхэг дээгүүр хөл нүцгэн алхахад  замын  ядаргаа тайлагдаж сэтгэл уужрах шиг сайхан мэдрэмж авав. Нуурын мандал дээгүүр усны шувууд эргэлдэж усны давалгаа үе үе хүчтэй түрлэг үүсгэх нь төгөлдөр хуурын  намуухан аяз шиг сонсогдоно.
Их усан далайг хараад сэтгүүлчид хөл нүцгэн гүйж усанд орж дурсамж дүүргэх зураг авахуулж харагдана лээ. Олоон жилийн өмнө би төвийн сонинд ажиллаж байхдаа “Буйр нуурын бусгаа номхон далай руу” хэмээн бичвэр бичиж байсан нь санаанд оров. Буйр нуурын тухай хэд хэдэн домог ч байдаг гэх. Хилийн цаахна Хөлөн нуур бий. Дорнодод Барга түмний өлгий  Хөлөнбуйр сум бий. Хөлөн болоод Буйр нуур хүйн холбоотой юм аа.
Холбоо хоёр нуур эрт цагт эгч дүүс байсан гэх домгоос гадна Хөлөн гэж ер бусын үзэсгэлэнтэй сайхан бүсгүйд Буйр хэмээх сайхан залуу сэтгэл татагдсан ч гэх домог сонсож байсан билээ. Хуучин цагт холбоо хоёр нуур манай нутгийн нуур байсаан. Цаг хугацааны эрхшээлээр хоёр таслагдаж хилийн наана цаана орсон  билээ.  Ерөөс нь Дорнодын талыг амь оруулж эхийн сүү шиг цэнгэг усаар тэжээн тэтгэж байдаг нь  саа мөнгөн хэмээн дуулдаг Хэрлэн,  алдарт Халх гол, Буйр нуур бөлгөө.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн талаар зонхилон байх Их Хянганы нуруунаас эх авч урсдаг Халх гол Дорнодын уудам талаар урсаж буцаад гарахдаа хоёр тийшээ салбарладаг байна.Хянганы нурууны салбар уулс нь Монгол Улсын Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт буй.
Халх голын зүүн салаа нь явсаар Буйр нуурт, баруун салаа нь Орчун гол руу цутгаад тэндээсээ Далай нуур хүрдэг аж. Далай нуур бол Хөлөн нуур билээ. Харин Хэрлэн гол мөн л Далай нуурт хүрнэ. Буйр нуурын цутгал цаашаа Орчун голоор дамжиж Далай нуур улмаар цаашаа Номхон далайн ай савд цутгадаг гээд бодохоор Буйр нуур бол дэлхийн нуур юм. Гадаад далайг тэжээхээр амсхийх завгүй урсдаг Буйр нуур бол Дэлхийн хүн төрөлхтөнд ч хамаатай цэнгэг усны ай сав билээ.
Ийн тодотгохын мөн чанар нь Дорнодын уудам талд эх дэлхийн сэтгүүлчид цугларч эх орноо танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль эх дэлхийнхээ төлөө дуу нэгтэй зүтгэх их үйлийн эхлэл нь Буйраас тавигдлаа гэсэн гэгээн бодол төрсөнийх  юм.
Зохион байгуулагч Дорнодын залуус ч үүнийг бодолцсон байх.  Дээрээс нь Дорнодын талд эх орны тусгаар тогтнол, сайн сайхны төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж тэмцсэн дайчин эрсийн баатарлаг түүх,  байгуулсан гавьяа, бахархал зуун дамжин оршсоор байна. Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэл, эрчим энерги эндээс эхлэх бус уу.
Жил ирэх тусам Дорнод талд ирэх жуулчдын тоо огцом өсч Буйр нуур орчмын жуулчны бааз эрс нэмэгдэж 20 орчим жижиг том жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Нэг зүйлийг онцлоход  Сүмбэрийн боомтоос цааш хил даваад 20-иод км явахад БНХАУ-ын Хянган аймгийн Рашаант хот байдаг. Жилдээ гурван сая гаруй жуулчин хүлээж авдаг Рашаант хотод ирсэн жуулчдыг Сүмбэрийн боомтоор татаж Буйр нуурын маршрутаар хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх боломж байгааг аймгийн удирдлагууд онцолсон билээ.
Асуудал дагуулсан “Петрочайна дачин Тамсаг” ХХК
Хөтөлбөрийн дагуу бид Халх голын ай сав, баатарлаг ялалтын бэлгэ тэмдэг болсон түүхт газруудыг танин мэдэх их аялалд гарлаа. Зам зуур Өвдөг Баянхошууны боомт дахь хилийн …р хилийн баганат тэмдэгт зочилж эх орны торгон хил тайван амгалан байгааг хараад сэтгэл омогшив.
Цааш явтал Дорнод аймгийн Матад, Халх гол суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос ачсан тээврийн машин давхин өнгөрөхийг дуран авайд буулгав. Монгол Улсын Засгийн газрын тус компанитай хийсэн  бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг салбарын шинжээч мэргэжилтнүүд төдийлэн сайшаадаггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсад ашиг тус багатай гэрээ хийсэн гэх нь бий.
Аяллын эхэнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон албаны хүмүүстэй уулзаж байхад тус аймагт хамгийн чухал асуудлын нэг нь “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Тус компани 2004 оноос олборлолтоо эхэлжээ.
Нөөц нь 40 жил. Халх гол Матадын 19, 21 дүгээр талбайгаас жилдээ нэг сая тонн газрын тос олборлодог тус компани уул уурхайн олборлолтын үндсэн бичиг баримтыг бүрдүүлдэггүй, эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Тосон Уул-19 талбайд 1262670м3, Тамсаг-21 дүгээр талбайд 797407 м3 усыг тус тус зөвшөөрөлгүй ашигласан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн хөрсөн замаар хийж тус бүс нутагт 8-20 салаа бүхий 80 гаруй метр өргөнтэй 58.5 км урттай өргөн зам үүсгэсэн зэрэг олон зөрчлийг өнгөрсөн хугацаанд гаргаж байжээ.
Газрын тосны 21 дүгээр талбайгаас ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөр болох 40 тэрбум төгрөг төвлөрдөг. Гэвч энэ мөнгө орон нутагт ордоггүй улсын төсөвт нэгтгэгдээд бусад аймгийн төсөв бүрдүүлэхэд явчихдаг. Ядаж 30 хувийг нь орон нутагтаа оруулж чадвал 12 тэрбум төгрөгөөр орон нутгийнхаа бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх боломжтой гэж албаныхан тодотгосон. Энэ асуудлаар ч аймгийн удирдлагууд дээш нь  үгээ хэлж, санал бодлоо дамжуулж байгаа аж.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл  хэлэхдээ “Энэ компанийн үйл ажиллагааг иргэд ч ихээхэн шүүмжилдэг, бид ч шүүмжилж шаардлага тавьсаар ирсэн. Хуулиа биелүүлэх, замаа засах, байгаль экологид нийцсэн үйл ажиллагаа явуулах зэрэг олон шаардлага тавьдаг. Аймаг бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн компанийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тавихаас өөр эрх мэдэл байхгүй. Бүх асуудал салбарын яам, Засгийн газрын түвшинд яригдаж байна.
Хууль биелүүлэхгүй болохоор нь иргэд ч биднийг харддаг. Тиймээс бид үйл ажиллагаагаа нээлттэй хүргэхийг хичээж хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ  нягт хамтран ажилладаг.  Өөрсдийгөө сурталчлах биш үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд  нээлттэй хүргэж ажиллах нь хамгийн чухал гэж үздэг.
Хятад ажилчин зургаан сая, монгол ажилчин нэг сая төгрөгийн цалинтай
Дорнодод үйл ажиллагаа  явуулдаг бусад уул уурхайн компаниуд энэ жил зарлагдаж байгаа ажил үйлчилгээгээ ил тод нээлттэй зарладаг. Тухайн жилдээ худалдан авах бараа ажил үйлчилгээний жагсаалтаа ил тод гаргадаг. Гэтэл “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа хаалттай. Энэ компани тухайн жилдээ хийх ажил үйлчилгээгээ яагаад нээлттэй болгодоггүй юм бэ. Нуух шалтгаан юу байна?.
Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхийн тулд шударга байгаасай, нөгөө зүйл  нь цалингийн шатлал. Хятад ажилчин зургаан сая төгрөг авч байхад монгол ажилчин  дунджаа 1.5 сая төгрөг авдаг цалингийн ялгаварлалыг болиулахын төлөө шаардлага тавьдаг. Дээрээс нь монгол ажилчдын  амьдрах нөхцөлийг сайжруулах ёстой. Олон жилийн турш түр сууц хэмээх оромжинд  амьдарсан.
Дорнод аймаг уул уурхайн чиглэлээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжиж ажилладаг бөгөөд хууль хэрэгжүүлдэггүй компаниудад хариуцлага тооцож үйл ажиллагааг нь дэмждэггүй талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл  онцолж байсан юм. Нэг талархууштай туршлага бол Дорнод аймгийн ЗДТГ-аас уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компанитай нийгмийн хариуцлагын гэрээ хийхдээ  төлөөллийн  байгууллага аймгийн ИТХ-тай хамтарч гэрээний төслөө гаргаж ажилладаг нь сайн туршлага аж.
Дорнодын тал бол цагаан зээрийн амьдран нутагшсан үржил шимт сайхан тал билээ. Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхай хийгээд мал сүргийн тоо толгой олширсноос цагаан зээрийн нутаглах орчин хумигдаж  нутгийн сүлд шүтээн болсон цагаан зээрийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж  байна.
Зээрийн мах, эвэр, арьс зэргийг амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор олон тоогоор нууцаар агнах, нэг зээрийг 25-30 мянган төгрөгөөр зарж борлуулах тохиолдол ч их байгаа гэх. Нэг талдаа мал сүрэг нөгөө талд  цагаан зээрийн бэлчээр огтлолцож буй энэ үед бэлчээрийг зохицуулах, цагаан зээр, саарал чонын амьдрах орчныг хамгаалах тал дээр бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа  тухай онцлов.
Баатарлаг түүхтэй домогт талд…
Дорнодын домогт тал бол эх орны батлан хамгаалах үйлс, эр цэргийн уухайн дуу, гайхамшигт ялалтын цуурайг зуун дамжуулан хадгалсаар байгаа түүхт газар билээ. Бид Ерэн баатрын хөшөө, Ялалтын цамхаг гээд олон түүхт хөшөө дурсгал, Халх гол хайлааст манхан, Баянцагааны нуруу зэрэг түүхэн газрыг бодитоор үзэв.
Халх голын хөвөөнд байх ерэн баатарын хөшөөг Монгол орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж, Халх голын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр  сүндэрлүүлжээ.  Харин “Ялалт” цамхаг 54 метр өндөр, 33 метр өргөн, 110 тонн метал орсон, 35 тонн Эрдэнэт үйлдвэрийн дан зэс шингэсэн байна. Хөшөө нь ёстой л хөшөө, урлагийн бүтээл болжээ. Ялалт цамхагийг ЗХУ-ын баатар, Москва хотын уран барималч Бурганов, архитекорч Мисошников нарын төслөөр манай улсын нэрт архитекторч Д.Чойжилжавын оролцоотойгоор сүндэрлүүлжээ.
Ерэн баатрын хөшөө, Халх гол хайлааст манхан
Бид Халх гол сумын нутагт байх Ялалтын музейг үзэж сонирхосноос гадна форумын  нэгээхэн хэсэг энд үргэлжлэв. МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн их сургуулийн захирал Ж.Батбаатар, БОАЖЯ-ны мэргэжилтэн, Экологийн албаны ЭЦХ-ийн ахлах мөрдөгч Д.Сүхбаяр, “Майнинг Инсайт” уул уурхайн сэтгүүлийн тоймч Э.Оджаргал болон бусад багш нар байгаль орчин, экологи, уул уурхайн сэтгүүлчийн бүтээлийн талаар мэдээлэл сонсгож харилцан яриа өрнүүлсэн билээ.
Ингэснээр Буйр нуурт болсон “Бид эх дэлхийн сэтгүүлчид” форум амжилттай болж  талын сувд болсон Буйрын  эрэг дээр хаалтын үйл ажиллагаагаа хийж өндөрлөв өө. Гэхдээ эх орны өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид эх орноо хайрлах, байгаль орчноо хайрлах нэгэн зорилгод нэгдэж хамтран тунхаг гаргаж ажиллахаар болсон нь Буйр нуураас хайсан олз билээ.
Аян замын жолоо эргүүлэх үеэр бидний хөлөглөсөн унаа замын дунд саатсан нь Дорнод тал холын зочин гийчдээ явуулах дургүй байх шиг цэлийж байсан шүү. Энэхүү тэмдэглэлээ өндөрлөхийн өмнө Буйрын эрэг дээр орон нутгийн форумыг санаачлан зохион байгуулсан Д.Дэлгэрмаа даргатай Дорнод аймгийн салбарын сэтгүүлч уран бүтээлчид, Мэнэнгийн талыг туулахад тохь тухтай машинаар үйлчилсэн эртний танил П.Болдсайхан нартаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
Эл санаачилгыг дэмжиж зохион байгуулж хамтран оролцсон МСНЭ-ийн удирдлагууд, форум зохион байгуулахад сэтгүүлчидээ дэмжиж оролцсон Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш, биднийг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод түр саатахад угтан золгосон Хэнтий нутгийн сэтгүүлчид, бусад албаны хүмүүс бидний мэдлэгт дусал нэмэр болж үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн мэргэжилтнүүдэд дахин талархал илэрхийлье.
Ялалтын бэлгэдэл болсон Дорнод аймаг, Номхон далай гэх их  ай савыг тэжээн тэтгэдэг талын сувд Буйр нуурыг зориорой.
Улаанбаатар-Дорнод-
Мэнэнгийн тал-Буйр нуур
2022.08.08.-2022.08.11
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ