"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын “Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл аюулт үзэгдлээс болж орон гэргүй болсон Архангай аймгийн зургаан сумын 15 өрхөд иж бүрэн гэр хандивлалаа. Хөдөө орон нутгаас Архангай аймаг энэхүү хөтөлбөрт анхлан хамрагдаж байгаа аж. Улсын хэмжээнд Архангай, Сонгинохайрхан дүүрэг шуурхай ажиллаж өрхийн мэдээлэл, холбогдох бичиг тоот, тээврийн зардлыг шийдэж бодит ажил болсныг "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын дотоодын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хариуцсан менежер Ч.Мягмарсүрэн онцлов.
Хангай, Чулуут, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Цэцэрлэг сумын 15 өрх байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэр орон, мал аж ахуйгаасаа салсан өрхүүд байсныг сум, аймгийн онцгой комиссоос тодорхойлон олон улсын байгууллагад ийнхүү хүргүүлжээ. 15 өрхийн 100 гаруй иргэний дотор 18 хүртэлх насны 47 хүүхэд байна. ОУБ аймаг хоорондын хамтын ажиллагаа, хариуцлагын хүрээнд 15 өрх гэртэй болж, өвлийн улирлаас өмнө төвхнөж амжлаа. Гэр гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын төлөөлөл, аймгийн ОБГ-ын хамт олон, зорилтот сумдын удирдлагууд, иргэд оролцлоо.