"Дэлхийн Зөн Баянхонгор 2" хөтөлбөрөөс Баянхонгор аймгийн Онцгой комисст хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 9 ширхэг, бусад хамгаалах хэрэгслийг хандивлалаа.
Аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан, Ард иргэд, хүүхэд багачуудын эрүүл энх, сайн сайхан, хөгжил, зөв хандлагын төлөө олон төсөл хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн тус хамт олонд талархал илэрхийлээд дээрх дэмжлэг хандивыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга А.Ганболдод хүлээлгэн өгсөн юм.
"Дэлхийн Зөн Баянхонгор 2" хөтөлбөрөөс ковидын үеийн тусламжийн хөтөлбөрийг энэ оны 3-10 дугаар сарыг дуусталх хугацаанд орон нутагт хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд дөрвөн үндсэн чиглэлд анхаарч, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж ажилласан бөгөөд дээрх дэмжлэг ковидын үеийн тусламжийн хөтөлбөрийн сүүлийн хэсэг болж байгаа аж.
Тодруулбал, Back to school үйл ажиллагааны хүрээнд 560 өрхийн хүүхдэд шаардлагатай хичээлийн хэрэгсэл олгож, долоон сумын сургууль, сурагчдын дотуур байр, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан 3000 гаруй хүүхдийг коронавируст халдвараар өвчлөхөөс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын хэрэгслийн багц олгожээ.
Мөн Эрүүл мэндийн салбарын ажилчдыг халдварт өртөхөөс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын хэрэгсэл, шаардлагатай бодис тоног төхөөрөмж нийлүүлэн, өрхөд чиглэсэн дэмжлэгийн хүрээнд 1017 өрхөд 120 сая төгрөгийг бэлнээр олгосон зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна.