Өнгөрөгч Лхагва гараг /2022.08.18/-т Х.Баттулгын АН-ын гишүүд хуралдаж, тэргүүн дэд даргаараа Ө.Шижирийг томилсон байдаг. Харин Ө.Шижир нь Улсын дээд шүүх /УДШ/-д Х.Баттулгыг төлөөлж АН-ын даргын бүртгэлийн асуудлаар С.Эрдэнэтэй маргаан үүсгэж, зөвшилцлийг эхлүүлнэ гэж буй.
-АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНЭ ӨӨРИЙГӨӨ “АН-ЫН ДАРГААР ДАХИН БҮРТГҮҮЛЭХ”-ЭЭР УДШ-Д ХАНДЖЭЭ-
Учир нь Улсын дээд шүүх /УДШ/-ийн 2021 оны 30 дугаар тогтоолд “С.Эрдэнийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах “эрх бүхий этгээд” гэж үзэх боломжгүй” гэсэн байдаг. Мөн иргэн Н.Ариунболдын “АН-ыy дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй нэгэн байгаа эсэх”-ийг тодруулсан хүсэлтэд УДШ-ийн Тамгын газраас “2022 оны хоёрдугаар сар /2022.02/-ын байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй даргын талаар бүртгэл хийгдээгүй байна” гэсэн хариуг өгчээ.
Товчхондоо,УДШ-ийн бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга биш, тус намыг төлөөлөх эрхгүй байгаа юм.
Учир нь улс төрийн намын хувьд УДШ-ийн лавлагаа, мэдээлэл эцсийнх байдаг. Харин иргэн, аж ахуй нэгжийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа мэдээлэл эцсийнх байдаг байна.
-“АН-ЫН ДАРГА БУЮУ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР С.ЭРДЭНЭ ТӨЛӨӨЛНӨ" ГЭСЭН ТОГТООЛЫГ ГАРГУУЛАХ ГЭЖ БАЙСАН ТУЛ Д.АЛТАНХУЯГ ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Сонирхуулахад,долдугаар сарын 02 /2022.07.02/-ны өдөр болсон АН-ын Их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг тайзан дээр гарч С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон хэрэг гарсан.
ВИДЕО:
Учир нь тус хурлаар “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэд олго” гэсэн шийдвэрийг С.Эрдэнэ өөртөө гаргуулах гэж байсан тул Д.Алтанхуяг “тус намын даргаар М.Тулгатыг сонгосон хэрнэ С.Эрдэнэ өөрөө АН-ыг төлөөлөх эрхийг авах гэлээ” хэмээн эсэргүүцэж тус үйлдлийг гаргасан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл долдугаар сарын 02-ны өдөр болсон дээрх хурлаар “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэ олгосугай” гэсэн тогтоолыг С.Эрдэнэ батлуулжээ. Ингээд тус тогтоолоо “АН-ын Их хурлын шийдвэр” хэмээн Улсын дээд шүүх /УДШ/-д саяхан хүргүүлсэн байна.
-“АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНИЙГ БҮРТГҮҮЛ” ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГУУЛАХЫН ТУЛД СОНГУУЛИЙН МЕНЕЖЕРЭЭ ХУРЛЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ-
Харин АН-ын Их хурлын тогтоолд, “Үндэсний бодлогын хорооны 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг баталгаажуулсан 36 тоот тогтоолыг батламжилсугай. Тогтоолыг УДШ-д уламжлах, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга /Ч.Өнөрбаяр/-т үүрэг болгосугай” гэжээ.
Харин АН-ын тус Их хурлыг Д.Эрдэнэсувд гэх эмэгтэй даргалсан байна. Д.Эрдэнэсувд нь С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихэд түүний сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан нэгэн юм. Иймд С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга буюу итгэмжлэлгүй төлөөлүүлэх шийдвэрийг АН-ын Их хурлаас гаргуулахын тулд Д.Эрдэнэсувдыг хурлын даргаар сонгох тогтоолд ч С.Эрдэнэ гарын үсэг зуржээ.
Нөгөө талаар эдгээр нууц биш баримтууд, мөн хурлын үйл явдлаас харахад С.Эрдэнэ өөрийн ойрын хүрээний цөөн хүмүүсээс бусдыг нь АН-ын ажилд оруулахгүй байгаа бололтой. Гэтэл АН-ын дүрмийн 3.10.1-д АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудалд аваагүй тохиолдол, Намын даргыг огцорсонд тооцно гэж заажээ. Энэ утгаараа С.Эрдэнэ АН-ын даргаас огцорсон байгаа аж.
Эх сурвалж: Isee.mn