Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий нурууны хойд хэсэгт алтанд шунасан нинжа нарын гарт сүйдэж дууслаа


-БИЗНЕСМЕНҮҮДИЙН ГАР, ХӨЛ БОЛСОН  ТЕХНИКЖСЭН НИНЖА НАР МОДЫГ ХУЙГААР НЬ ХЯДСАН БАЙЛАА-

          Шавар шалбааг, намаг дундуур туучин, “мөлхсөөр” 16-гийн даваа өгслөө. 16-гийн даваа гэдэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны баруун хойно байдаг газар юм. Сууж яваа машин өөд газар  үе үе хүч алдан шарваж, уруу газар руу хар эрчээрээ гулгаж, хоёр тийшээ  дайвалзан  замын хажуу руу гарчих гээд сандаргана. Бид ч жолоочийн ур чадварт найдаж явлаа. Хөвч тайга, Хэнтийн нуруу цэцэг хуараа дэлгэж, шувууд эцэж цуцахаа мэдэхгүй шулганан,  гол горхи мяралзан гогцоорч алсын алс руу урсана. Тансагхан байгалийн гоо үзэмжийг харж бишрэн явлаа. Гэтэл 16-ын даваа дөнгөж даваад өнгийтөл арай ч дээ гэмээр байдал биднийг угтав. Экскаватор голын усны дунд зогсчихсон. Чөлөө завгүй устай шороо шанагаараа хамж  байх нь тэр. Экскаваторын жолооч залуу сурмаг гэгч нь  голын дундаас  устай шавар  шанагадаж  эрэг рүү зөөн овоолох  аж ээ. Ус улаанаараа эргэлдэн тунаран, урсаж ядан амь тавьж байлаа. Түүнээс холгүйхэн бас экскаватор  жолоодсон нөхөр  тэр хөндийг модыг тэр чигт нь хиаруулж, хайр найргүй унагах юм. Өмнөө таарсан мод бүрийг үндсээр нь булгалж  байлаа. Нарс, шинэс, хус тэргүүтэй модон овоолго бий болж,  үе үе сэвэлзэх  салхинд навчис нахиа нь хийсэж харагдах нь гол зурж сэтгэл эмзэглүүлэх юм.
   100 гаруй хүн энд тэндгүй төмпөнтэй шороо голын усанд угааж байлаа. Хан Хэнтийн нурууны байгаль нинжа нарын гарт сүйдэж байгаатай халз таарсан минь энэ. Хамгийн багадаа тоосонцор, од, ямаа, тэмээ,  бух олчих гэсэн нинжа нар байгаль сүйдлэх нь хамаагүй. Зөвхөн алт олох гэсэн шуналдаа хөтлөгдөөд ухаан санаа нь эрүүлээр сэтгэхээ больчихсон юм шиг санагдаж байлаа. Үе үеийн сэтгүүлчдийн  нинжа нарын талаар бичээд байдаг алтны төлөөх зэрлэгшил гэдэг нь энэ бололтой. 
       Ийнхүү алт олох гэж ойр орчмоо харах завгүй байж байтал хэн  нэг нь “Цагдаа нар ирлээ. Зугтаарай” гэж хашхирах нь тэр.  Нинжа нар барьж байсан төмпөн сав, техникээ хаяад зугтлаа. Бүгд аль өндөр уул байна. тэр зүг рүү хоёр гурваараа гүйлдэнэ. Хааяа нэг эргэж хараад л гүйгээд байх. Бас болоогүй. “Та нар яах гэж ирсэн юм. Гүйцэж ирээд бариад авч чадах юм шиг. Хөөе бидний юуг нь харах гэсэн юм бэ. Одоо ингээд яваач” гээд тал талаас цагдаа нар руу чангаар хашхирч хэлээд байх юм. Ам ангайвал хараалын үг хэлдэг тэдний дунд хэрүүл, зодоон тасардаггүй шинжтэй хааяа нэг хар яр хийж ярьцгаана. Нэгэнт алтны төлөө бүхнээ золиослоод хэдэн сар, жилээр цооног, нүхэнд амьдраад сурчихсан нинжа нарт шавар, шалбааг бол үнэндээ юу ч биш. Бас ой мод, ургамал амьтан сүйтгэж байгаагаа юман чинээ тоохгүй. Бүр идэр есийн хүйтэнд хүртэл тэдний нүдэнд нь алт харагдаад  унтаж чаддаггүй. Босож ирээд л нойр, хоолгүй жоотууддаг гээд бод. Тэгснээ учир зүггүй төмпөнтэй усаа сэгсэрч, аяархан тунгааж юүлээд, нүд салгалгүй ширтэж, ширтэж дахиад нь усаар угаана. Эдийн шунал гэдэг хүнийг хүн биш болгож, байгалийн гайхамшгийг гутамшиг болгодог гэдгийг нинжа нарын тарьсан балгаас харж болно.

   -Бугантын алтны цаана техникээр хангадаг, алтыг нь худалдаж авдаг, хил гаалиар нууцаар гаргаж, их хэмжээний ашиг олдог бүлэглэл бий болжээ-

     Алтны төлөө бол хэнээс ч, юунаас ч айхаа больж, зэрлэгшсэн нинжа нарыг цагдаа болон монголын хууль хяналтынхан дийлэхээ байсан гэж ярьдаг. Биднийг тус газар очиход Экологийн цагдаагийн албаны цагдаа нар хяналт, шалгалтаар ирчихсэн. Нинжа нарыг хурдан тарахыг шаардаж, экскаватор болон алт угаах төхөөрөмжийг нь хурааж, орон нутгийн цагдаа нарт яаралтай хамгаалалт гаргаж, дахин нинжа оруулахгүй байх чиглэл өгсөн юм. Цагдаа нарын үүрэг, чиглэлийг сонссон нинжа нар гэнэт хэлгүй, дүлий, хөлгүй юм шиг дүр эсгэж, нэрээ хүртэл мэдэхээ байчихав. Экологийн албаны цагдаа  нэг нинжаг “Чи наашаа хүрээд ир” гэхэд  хажуудахдаа аяархан “Чамайг дуудаад байна шүү дээ. Хурдан яваач” гээд тоосон шинжгүй төмпөнтэй элсээ тунгаах аж. Гэтэл бидэнтэй хамт шалгалтаар явж байгаа  цагдаа “Биш ээ, улаан цамцтай наашаа хүрээд ир. Чамайг дуудаад байна” гэхэд амандаа үглэн төмпөнтэй элсээ  тунгааж усыг нь асгачихаад үлдсэн шороогоо энгэрийнхээ халаасанд хийчихээд  юу ч болоогүй юм шиг төв царай гаргачихаад хүрээд ирлээ. Түүнээс экскаватортой эсэхийг нь асууж, хэсэг байцаав.
/Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 16-ийн даваанаас хууль бусаар алт олборлож буй нинжа нар/
       

   БУГАНТ ТОСГОНЫ 16-ЫН ДАВААНЫ НИНЖА Б.БАТБААТАР: ӨДӨРТ ХАМГИЙН БАГАДАА 10 ГРАММ АЛТ ОЛЖ БАЙГАА

              Монголын “нинжа” нар Хэнтийн нуруунд цуглаад байгаа нь энэ. Голын усны дор,  хөвчийн ойн доод хөрсөнд алт ихээр гарч байгаа ажээ. Уншигч та бүхэнд нинжа нар гэхээр ядарсан зүдэрсэн гэж ойлгож болохгүй. Энд хоногийн хоолоо залгуулах гэж байгаа нь  цөөхөн. Сэлэнгийн алтны нинжа нарыг Монголын хууль хяналтынхан төр засаг дийлэхээ болиод удаж байгаа. Цаанаа том хамгаалалттай нинжа нар энд ирдэг. Бүр 150 сая төгрөгөөс илүү үнэтэй техниктэй нинжа нар. Алтны судал хаана байгаа. Яг хаана ухвал алт их хэмжээгээр олох вэ. Олборлосон алтаа хаана тушаах, хилээр татвар төлөхгүй хэрхэн гаргах вэ гээд энд Монголын хуулийг улан доороо гишгэсэн том бүлэглэл ажиллаж байгаа юм. Харин энэ жилийн хувьд тус газрын алтны нөөц, олдоц ямар байгаа талаар нинжа Б.Батбаатартай цөөн хором ярилцлаа.
-Хэзээнээс 16-ын даваанд ажиллаж байна вэ. Та аль нутгийнх вэ?
      -Би Сэлэнгийн Бугантынх. Өглөө хамаатныхаа гурван хүнтэй ирсэн. Одоогоор алт олоогүй байна. 
-Та хэдүүлээ амьдардаг вэ. Өмнө нь ямар ажил хийж байв?
   -Би дөрвөн хүүхэдтэй. Өмнө нь хийж байсан барилгын ажил зогсчихсон байгаа. Удахгүй хүүхдүүдийн хичээл эхлэх учраас мөнгө хэрэгтэй байна. Бид том, том техникээр ухчихсан нүхэнд ирж гар аргаар өдөр, шөнөгүй ухдаг. Заримдаа юу ч олохгүй үе бий. Тийм учраас хууль хяналтынхан, цагдаа нар ирэхээс өмнө гээд ус ч уух завгүй, нүдээ ширгэтэл алт хайдаг юм. 
-Нинжа нар алтаа хаана тушаадаг вэ. Нэг грамм алт ямар үнэтэй байна вэ?
     -Энд хувиараа алт авдаг хүмүүс байдаг. Эндэхийн алтыг сорьц муутай, жин бага даадаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс нэг цэн алт 520 мянган төгрөг болдог. Харин Дархан-Уул аймагт алт авдаг хүмүүс бий. Тэд нэг грамм алтыг 515-530 мянган төгрөгөөр авдаг. 
-Өдөрт хамгийн багадаа хэчнээн грамм алт олдог вэ?
        -Ганц хоёр нүхийг эс тооцвол энд алтгүй нүх барах байхгүй. Өдөрт нэг хүн хамгийн багадаа 10 грамм алт олж байгаа. Өчигдөр миний таньдаг хүн “АЦЦ” гэх эмийн хуванцар саваар дүүрэн, нэг тал 156 грамм алт олсон байна лээ. Зарим нь юу ч хийгээгүй, олоогүй юм шиг царайлж байгаад 200, 300 граммыг олчихсон байдаг. 
-Танд байгаль, дэлхийгээ хайрлах сэтгэл байдаг уу. Өөр ажил хийх бодол бий юү?
      -Байлгүй яах вэ. Гэхдээ ус ууж, өвч иддэггүй болохоор үүнээс өөр амьдрах арга байхгүй. Бид том, том техник хэрэгсэлтэй алт олборлогч нарыг дагаж, нүүдэг гэхэд болно. Баянхонгорт алт гарчихсан байна гэвэл хойноос маргааш ч хамаагүй явна шүү дээ” гэв. 
       Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагуудын амиа зогоож, баяжихын төлөө байгаль сүйтгэх бусармаг үйлдэл 1980-аад оноос эхлэлтэй гэж ярьдаг. Ерөө сумын нутаг дэвсгэрийг амьгүй болгож,  хэвлийг нь ухаж байгаа алт олборлогчдод хууль, дүрэм, журам үйлчлэхгүй өнөөдрийг хүрсэн нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, удирдлагуудтай холбоотой гэдэг юм билээ. Тэд уул, уурхайн лицензгүй компаниараа ашиг олох зорилгоор техникжиж, бүлэг нинжа нарыг алт арвинтай газар ажиллуулж, "Ард талын бүх асуудлыг нь даана. Санаа зоволтгүй" гээд оруулчихдаг гэх. Тодруулбал, Ерөө голын дагуу хууль бусаар алт илрүүлж, олборлож байгаа компаниудын цаана төр засгийн томоохон эрх мэдэл бүхий хүмүүс байдаг. Тэдний алтны төлөөх улайрсан шуналын сэтгэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналт, Ерөө сумын удирдлагуудыг хааш нь ч хөдөлгөхгүй “базчихсан” гэх.     Ерөө сумын Бугантын иргэдийн 80 орчим хувь нь хууль бусаар алт олборлодог учир Экологийн цагдаагийнхан шаардлага тавьж, орон нутгийн цагдаа нарт хүлээлгэж өгөөд ямар ч нэмэргүй гэдгийг нинжа нар ярьдаг юм байна. Гэвч цагдаа нар үүрэгт ажлаа биелүүлж, тодорхой хэмжээнд алтанд нүдээ өгөхөөс буцахгүй нинжа нарыг хязгаарлаж чаддаг юм. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар нинжа нарт амь эрсдэх аюултай нөхцөлд хууль бусаар алт угааж байгааг анхааруулж, зармыг нь Улаанбаатар хот орж мэдүүлэг өгөхийг анхааруулсан бол орон нутгийн цагдаа нарыг яаралтай арга хэмээ авахыг шаардаж, дараагийн газар болох Ерөө сумын Сангийн гол руу хөдлөв.

12:20 ЦАГ: НИНЖА НАР ХӨЛДҮҮ МАХАА ТӨМӨР САВАНД ХИЙЖ, ГОЛЫН УСАНД ХАДГАЛДАГ

/Нинжа нарын хүнс/
         Нар чанх дээрээс төөнөж, бороонд хөлөрсөн ногоонд  шим сууж, улам өтгөрч, өнгө өнгийн цэцэг турьхан ишин дээрээ найгаад, гол мөрөн шуугих нь сайхан. Гэвч нөгөөх л энхэл, донхолтой замаар 10 гаруй километр явж нинжа нарын төхөөрөмж, экскаватор, Зил-131 автомашинуудыг эгнүүлсэн хураасан Сангийн голд ирэв. Үүнээс цааш уулын орой руу Зил-131 автомашинаас өөр автомашин гарахааргүй, бүр гардаггүй юм билээ. Бид Экологийн цагдаагийн албаны цагдаа нартай хамт нинжа нарын уулын оройд нуусан том, том экскаваторуудыг авчирч хураахаар нинжа нарыг дагуулж ой руу явав. Барагтай бол хэн ч хүрэхээргүй уулын ар хормойг хонхойтол нь ухаад хаячихсан дунд нь том шар экскаваторуудаа хойш, урагш харуулаад үлдээчихсэн байв. Мэдээж, нинжа нар экскаваторуудаа хураалгахаас дургүйцэж дор бүрнээ хөдөлж цөхнө.
/Нинжа нарын амьдардаг майхан/
     Тэд ухсан нүхнээсээ 500 метрийн зайд майхан барьжээ. Нинжа нар амьдардаг хээрийн майхан болоод ч тэр үү ундуй сундуй гэж жигтэйхэн. Майхны ойр орчмоор согтууруулах ундааны шил, сав, тамхины иш, хүнсний хайрцаг, гялгар уут гээд хог новшоо эл задгай хаа сайгүй хаячихсан байв. Мөн шатахууны том, том цэнхэр сав, газ гээд халуунд халж тэсэрч, дэлбэрээд ой мод шатааж болзошгүй нөхцөл байдалтай байв. Мөн ор хөнжил нь ил задгай, тогоотой хоолных нь шавхруу майхны хаяанд хэвтэж байх аж. Тэд ихэвчлэн гоймонтой, будаатай шөл хийдэг гэнэ. Мөн хөлдөөгчинд хадгалсан хөлдүү махаа төмөр саванд хийж, голын усанд хадгалдаг, зармыг нь давсалж хатаадаг гэнэ. Харин цагдаа нар тэднийг багаж, төхөөрөмжөө хурааж, экскаватороо уулын оройд авчирсан шигээ буулгахыг шаардав. Нинжа нар Сангийн голын 10 орчим га талбайг ухаж, сэндийчсэн байна. Ингэснээр зөвхөн ой сүйдэхгүй. Ургамлын сан, усан сан, ойн сантайгаа цуг устаж үгүй болдог гэдгийг цагдаа нар онцолж байсан юм. Ийм үед хонхойтол ухсан нүх, цооногийн ойролцоо хэзээ мөдгүй үхэх, унах гэж буй модыг заавал шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг гэнэ. Харин монголчууд мод шилжүүлэн суулгах талаар бүрэн ойлголтгүй учир зүгээр байсан модыг хаа хамаагүй зөөж, сүйтгэж байна гэж дургүйцдэг байна.
    Цагдаа нар уулын оройгоос таван экскаватор хурааж, нинжа нарт ахин, дахин уул ухахгүй байхыг анхааруулсаар хөдлөв. Нинжа нар цагдаа нараас нуугдаж, уулын оргилд экскаваторуудаа гаргачихаад, уул ухаад байхаар нь цагдаа нар заримдаа асахааргүй болгочихдог гэнэ. Гэвч нинжа нар цагдаа нарыг явсан хойгуур нь "Та нар аккумулятор тайлж яваад яах билээ, яаж ч чадахгүй шүү дээ" гээд техникээ нуусан газраасаа дахиад л үйл ажиллагаагаа эхлүүлдэг юм билээ. Эсвэл хууль хяналтынхан ирэх сургаар техник, хэрэгслээ хөдөлгөдөг гол хүчний зүйлээ өөрсдөө аваад явдаг.  Ийм байдалтай олон арван жил болж байгааг нуухын аргагүй. Үүнийг иргэд ойлгохдоо “Хууль хяналтынхан газар, ус бохирдуулж, алт олборлох гэж байгаа, олборлож байгаа гэдгийг нь мэдсээр байж  ажлаа хийхгүй, бүх зүйл дууссаны дараа гэнэтхэн илрүүллээ гээд "орилолдоод" унадаг. Угтаа бол тэд хяналт, шалгалтын ажиллагааг байнга явуулж байсан бол Ерөө гол дагуух газрын хэвлийг сүйтгэхээс өмнө зогсоох ёстой биз дээ” гэж ярьдаг. Гэвч Экологийн цагдаагийн албаныхан тэнд алт олборлож буй хууль бус ажлыг шалгахдаа тэндний  техник хэрэгслийг нь битүүмжилж, ачиж тээвэрлэх боломжгүй, бараг автомашины хүчин чадал хүрэхгүй учир уулын оройд ч гарч чаддагүй билээ. Тиймээс арга ядахдаа тэдний техникийн ганц, хоёрхон боолm тайлж, аккумуляторыг салгадаг гэх.

Б.УУГАНБОЛД:НИНЖА НАР НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЭХ, НҮХЭНД ДАРАГДАХ АЮУЛТАЙ БАЙНА

      Хяналт, шалгалтын үеэр  Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах, хошууч Б.Ууганболдоос хууль бус алт олборлогчдод ямар арга хэмжээ авч буй талаар тодрууллаа. 
-16-ын даваанд  иргэд хэзээнээс хууль бусаар алт олборлож эхэлсэн бэ?
     -Сэлэнгэ аймаг байгалийн баялаг, ховор амьтан, ой модоор баялаг учир бид жилийн дөрвөн улирал тус аймгийн нутагт тасралтгүй хяналт, шалгалт хийдэг. Бугант тосгоны гуравдугаар багийн нутаг дэвсгэрт орших хууль бус алт олборлогчдыг яаралтай тарааж, экскаватор, алт угаадаг төхөөрөмжийг хураан авч, иргэдийг дахин нэвтрүүлэхгүй байхаар хамгаалалтын албаныхыг ажиллуулж, зарим нинжа нараас байцаалт авна. 16-ийн давааг зургадугаар сарын дунд үеэс нинжа нар ухаж эхэлсэн юм билээ. Өдөр, шөнөгүй хоёр, гурван зуугаараа ухчихаар юу үлдэх билээ дээ. 
-Нинжа нарын дунд өмнө нь ял эдэлж байсан хүн бий юү?
     -Өмнө нь янз бүрийн хэрэгт нэр холбогдож, хуулийн хариуцлага хүлээж байсан хүн их байдаг. Ялангуяа хууль бусаар алт олборлож буй давтан хэрэгтэй хулгайчид их. Бугантын иргэдийн 80 орчим хувь нь хууль бусаар алт олборлож, амьдраад сурчихсан. Ямар нэгэн ажил хийх хүсэл, сонирхолгүй. Мөнгөний хэрэг гарвал алтаа ухчихаад л сууж байдаг. 
-Нинжа нар түрээсийн тоног төхөөрөмж, экскаватор хэрэглэдэг учир түүнийг нь хурааж, улсын өмч болгож болдоггүй юм билээ. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бий юү?
    -Өөр хүний нэр дээр байдаг өмч учраас хурааж аваад, улсын өмч болгох боломжгүй. Тийм учраас намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдэж, хэний ч өмч байсан хамаагүй хурааж улсын өмч болгох шинэ хуультай болох юм билээ. Тэгэхгүй бол нинжа нар тоног төхөөрөмж, автомашинаа биднээс нуухын тулд уулын орой руу гарахдаа замдаа таарсан мод, ургамал бүрийг дайрч, хугалж гардаг. Тус замаар нь Зил-131 автомашинаас өөр автомашинаар явах боломжгүй. Бид дандаа явган хайж, ажиллах боломжгүй шүү дээ.
      Энэ мэт ойн оргилд хүрэх, ус туулах, нинжа нарыг туулгаж барих гээд цагдаа нарын ажил адармаатай, бартаатай замаар өрнөдөг. Уг нь Экологийн цагдаагийн албаныхан Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг  шалгаж эхэллээ, техник, хэрэгслийг нь хурааж авлаа" гэдэг. Даанч Экологийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд алтны төлөөх хязгааргүй тэмцлийг зогсоож, ажиллаж чаддаггүй. Орон нутгийнхан ялангуяа дундаа орчихсон гэдгийг нутгийн иргэд ярьдаг юм билээ. Тухайлбал, энэ талаар алт угааж байсан нинжа Ц Бид цагдаа нар ирж хөөхөөс өмнө амжих гэж хоол, цай идэж уух манатай  алт олох гэж яаравчилдаг. Гэтэл та нар хүрээд ирлээ. Яах вэ, бид нарыг явсны дараа дахиад л өөр хүмүүс ирж ухна шүү дээ. Энэ бол ойлгомжтой. Харин энэ асуудлыг төр засгийнхан хуулийн хүрээнд нэгдсэн шийдвэр гаргаж, зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн юм. 
      Ерөө голын сав газраас хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт шалгуулж шүүхээр ял шийтгүүлсэн хүн тэнд бий. Тэдний дунд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбаатар байдаг гэх мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Түүнийг 90 гаруй нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгасан гэдэг. Зарим аймагт уул уурхайн нөлөөллийн улмаас малын бэлчээр хомсдож, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын ухсан нүхэнд унах, элдэв химийн бодист хордож, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох нь сүүлийн жилүүдэд ихэсссэн.  Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүмүүс буюу нинжа нар техникийн хүчин чадлаар байгалийн үзэсгэлэнт газрыг ухаж экологи, эдийн засагт ноцтой хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болох нь ойлгомжтой. 
    Байгаль, экологийн эсрэг гэмт хэргийг илрүүлэхийн тулд цагдаа нар усанд живж, шаварт сууж, намаг, шалбаагт гулгаж, автомашинтайгаа унчихаараа өргөж босгоод л давхидаг гэж байгаа. Бас болоогүй янз бүрийн амьтантай таарч, өвлийн цагт хуруу, гараа хөлдөөхөөс эхлээд “Юунаас ч, хэнээс ч амь биеэ үл хайрлана” хэмээх өргөсөн тангарагтаа үнэнчээ баталдаг,  бэрхшээлийг туулдаг чимээгүй баатрууд билээ. Ийм онцгой нөхцөлд өдөр, шөнө үл харгалзан ажилладаг тэдэнд чанартай дугуй, чадалтай автомашин, өөрийгөө хамгаалах багаж зэвсэг зайлшгүй хэрэгтэй шүү  гэдгийг холбогдох яамны удирдлагуудад уламжлах нь зүйтэй болов уу.

-МАНДАЛ, ЕРӨӨ, ХҮДЭР СУМ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, ХОВОР АМЬТАН, ГОЛ МӨРӨН ЭЛБЭГТЭЙ-

     Баруун, зүүн уулын энгэрээр бүгээн манан татаж, чанга дээрээс бороо шиврэхэд байгаль дэлхий улам нялхарна. Ойн өглөөний агаар бүр ч онцгой анхилуун болохоор тийм гэхийн аргагүй нялх ногооны үнэр сэн хийсэн Сэлэнгэд ийм сайхан зун болж байна лээ. Сэлэнгэ аймаг байгалийн баялаг, ховор амьтан, ургамал ногоогоороо Монголдоо тэргүүлдэг. Тухайлбал, тус аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумыг дамнасан Хэнтий нурууг дагаад  байгалийн баялаг, ховор амьтан, гол мөрөн элбэгтэй учир яахын аргагүй тансаг орон. Харамсалтай нь түүнийгээ дагаад хулгайч ихтэй. Нутгийн иргэд алтны төлөө нүдээ ухахаас буцахгүй хэдэн зуугаараа өдөр, шөнөгүй улайран шунаж, бүлгээрээ зэрлэгшиж монголын баялгийг хууль бусаар гадагш урсгасаар олон жил боллоо. Мөн ховор амьтдыг иргэд ашиг олохоос гадна “Гөрөөсний цус тийм юманд сайн,  тарваганы цөс, чонын ходоод ийм юманд сайн” гэх мухар сүсэг, шинжлэх ухаанаар батлагдаагүй ам дамжсан ярианаас болж хэд хэдээр нь агнадаг нь нууц биш. 
     15.25 ЦАГ: Бид мунгинасаар Ерөө сумын хууль бусаар алт олборлож буй Ерөө сумын Ходоод хэмээх газар ирэв. Бороо орж автомашин гулгаж, дугуй нь хий эргээд, эсвэл шаварт суугаад,  явахын аргагүй болов.  Хэсэгхэн бороо намдчихаар нь бид уулын бэлээс дээш өгсөв. Замд бороо шаагьж, тэнгэр тас, тас хийтэл дуугараад л үргэлжилсэн бороо орох шинжтэй болов. Тал бүр ой модоор битүү огторгуйн цагаан том, том үүлс оройгоор нүүнэ. Ингэж бид бороон дундуур цаг гаруй алхаж, нинжа нарыг байгаль сүйтгэж, газар дэлхийг юутай, хээтэй нь ухаж, сүйдэлж байгааг зогсоож, техникийг хурааж авахаар гурав дах газраа ирсэн нь энэ.
    Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд Итэмийн голоос нэлээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчрээс Ерөө гол эхэлнэ. Нэлээд бороо орсон тул уулаас ус бууж, голууд үерлэжээ. 
    Ерөө гол эхлэхээс өмнөхөн буюу Шарлан, Хонгийн голд Ялбаг, Могой, Цамхаг, Их харганат, Их Ажир, Бага Ажир, Бугант гэх мэт жижиг голууд нийлнэ. Жижиг голууд алт олборлогчдын гарт сүйдэж, ихэнх нь улаанаараа эргэлдэж буй нь даанч харамсалтай. Эдгээр гол улаанаараа эргэн урссаар Шарлан, Хонгийн гэх том хоёр голд нийлснээр өнгө хувирган Ерөөд цутгаж байгаа билээ. Ерөө гол нь 11860 хавтгай дөрвөлжин километр талбайг хамран 323 километр урт замыг туулан Сэлэнгэ мөрний үндсэн цутгал Орхон голд нийлнэ. Ийн нийлэхдээ Ерөө бохир бол Сэлэнгэ мөрөн ч бохирддог байна.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
https://ergelt.mn/news/125/single/23561

https://ergelt.mn/news/125/single/23519
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ