-ЭНГЭРЭЭ ЦООЛУУЛАХ “ДОН”-ТОЙ МОНГОЛ-
Энгэр цоолох, цоолуулах нь “дон” болов уу гэлтэй сүүлийн жилүүдэд хүн бүр л “гавьяа”-гаа үнэлүүлэхэд “донтож” байгаа сурагтай. Олон хүн цугласан газар энгэрээс нь “зүүгдчих” зурагтай төмөр байхгүй л бол хүн биш болчих аятай л сандралдаж, “энгэрийн дон” тусаж байна даа, монголчууд.
Нэрт нийтлэлч Г.Дашрэнцэн агсан “Тэнэг төр тэмдгэнд дуртай” хэмээн “толгойгүй” төрийн нүдээ “олоогүй” шагнал, урамшууллыг шүүмжлэн бичиж байв. Олон жилийн өмнөөс л төр нь энгэр цоолох “дон”-той байсан бол өдгөө эгэл ардад нь хүртэл “халдварлаж” энгэрээ цоолуулах “дон” тусаж байгаа гэлтэй.
Тэмдэглэлт баяр, арга хэмжээ дөхөөд ирэхээр л аль алиных нь “дон” хөдлөх юм аа.
Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоос эхлүүлээд гавьяат, төрийн соёрхол, баатар, генералын мөрдэс, тэмдгийг “хайр, найргүй” цацах аж.
Баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулсан. Улмаар Монгол Улс 10 шинэ баатартай болж, 33 гавьяаттай болов. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбат, яруу найрагч Ш.Гүрбазар нарт Төрийн соёрхол хүртээлээ.
Жилийн жилд хэдэн арваараа “төрж” байдаг төрийн “хүү”, түмний “баатар”-уудын шагнал “нүдээ олсон” эсэхийг бодох хэрэгтэй. Түмэндээ гавьяагаа гаргаж, олны хүндэтгэлийн хүлээсэн нь ч бий. Бас нөгөөтээгүүр түмэндээ үнэлэгдэх гавьяа байгуулаагүй ч төр нь “үнсчихсэн” нь байгаа даа.
-ОЛНЫ ШҮҮМЖЛЭЛЭЭС “ЗАЛХААД” БҮР СҮҮЛДЭЭ “НУУЦААР” ШАГНАДАГ БОЛЖЭЭ-
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын өмнөхөн нэр бүхий албан тушаалтнуудад генерал цол олгожээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Д.Мөнгөнжин, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очих, НЦУГ-ын дарга Р.Отгонжаргал нарт бригадын генерал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт дэслэгч генерал цол олгосон байна.
Ингэхдээ аль ч олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цоллуулаагүй нь иргэдийн дунд хэдийнэ “хар” төрүүлээд амжиж. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цол алгасаж, дэслэгч генерал болсон нь хачирхалтай.
***
Түмэндээ хүндлэгдсэн нэгнийх нь гавьяаг үнэлдэг уламжлал үгүй болж байна гэхэд хилсдэхгүй. Ядахнаа л ардынхаа араар “хулгай нохой” шиг шагнаж, шагнуулж байгаа нь ичгүүртэй. Хэрэв алдар, гавьяагаа үнэлүүлж, төмөр, тэмдэг зүүснээрээ хөдөлмөрлөж, эх орноо хөгжүүлдөг байсан бол Монгол Улс дэлхийд гарч өгөхгүй юү. Гэтэл гарч өгөх нь бүү хэл олон улсын өрсөлдөх чадварын тайланд ч “ядуу” ангиллаасаа “зайлж” чадахгүй л дэлхийн “сүүл” мушгиж байна даа, манай Монгол.
https://ergelt.mn/news/44/single/23232