Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ардын намынханд ард түмний итгэл алдрав


МОНГОЛЧУУД АРДЫН НАМЫНХАНД ДУРГҮЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

          МАН-ын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцуулах даалгавар өгч, гишүүдээ тойрог руу нь томилсон. Даалгавраа биелүүлэхээр нутаг руугаа явсан сайд, гишүүдийн нүүр хэд хоног улайж, иргэдээсээ ичих шиг боллоо. Энэ уулзалтын үеэр монголчууд МАН-ын гишүүдийг ажлаа хийж чадахгүй байгаад нь дургүй нь хүрч, сонгосондоо харамсаж, гутарч байгаагаа бүр уйлаад  ярьж байв. Орон нутгийн иргэд “Хийнэ, бүтээнэ, хөгжүүлнэ, өөрчилнө” гэх өчнөөн сайхан амлалт өгч гарсан тойргийнхоо гишүүдээс “Тэр ажил чинь яасан бэ, энэ ажил чинь яасан бэ” хэмээн амлалтыг нь улайтал асууж, гишүүдийг  байж суухын аргагүй болгосон бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хууль сурталчлах гэж явсан гишүүд хуйгаараа хөөгдөх нь халгүй иржээ.

-БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА ТАНЫГ СОНГОСОНДОО ГУТАРЧ БАЙНА-


        УИХ-ын нутагтаа очоод юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцах, танилцуулах манатай иргэдийн гомдол, санал, асуулт, шаардлагад дарагдаж,  арай гэж хурлын танхимаас мултарч гарч ирцгээсэн болов уу гэмээр уулзалтын үеийн  бичлэгүүд байсныг уншигч та санаж байгаа болов уу.
    Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарыг Баянхонгор аймагт ажиллах үеэр нь иргэд “Бид Г.Занданшатар даргыг сонгосондоо гутарч байна. Иргэд ядуурч, өнөө маргаашаа арай ядан аргалж байхад МАН-ынхан Үндсэн хуулиа ярихын тулд томилолт авч, улсын мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаад харамсаж байна. Г.Занданшатар УИХ-ын даргын хувьд нутагтаа бодитоор юу хийсэн бэ. Гаднынхан газар нутгийг минь сэндийчиж, ухаад дууслаа. Та хариуцлага хүлээх хэрэгтэй” хэмээн шаардаж, түүнийг сонгосондоо харамсаж байгаагаа удаа дараалан илэрхийлсэн, нутгийнхаа хөгжилд анхаарыг шаардсан уриа, лоозонтой угтаж авсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатарыг нутагтаа багтаж шингэж чадахгүй Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн онгоцны хуваарийг өөрчилүүлж, Баянхонгор аймгаас авахуулсан гэх мэдээлэл бий.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭН: БИДНИЙГ “УУЛ УУРХАЙГАА УХУУЛАХАД БЭЛЭН” ГЭЖ ХЭЛҮҮЛЖ, ТАРХИ УГААЛГАХААР ЯВУУЛСАН УУ


      Харин Өмнөговь аймгийн иргэд тойргийнхоо гишүүд болон “Говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалт”-ын үеэр оролцогчдод хандаж “Хятадуудтай нийлж Монгол Улсаа зарах гэж байгаа бол та нарын хэрэг. Ард түмнээ бодож байгаа бол ажиллах цаг чинь болсон байх. Төрийн ширээ, хэдэн төгрөгт орооцолдож суугаад ард түмнээсээ хөндийрөх хэрэггүй байх. Хэрвээ манай улсыг Хятадаас удирдаж байгаа бол түүнийгээ шууд хэлэх хэрэгтэй. Тэгвэл бид ойлгоно. Монголын ард иргэд дорой байгаадаа улс ядуурч байгаа юм биш. Тэнэг ард түмэн гэж байхгүй. Ухаангүй удирдагч гэж байдаг юм. Манайх хоёр хөршийнхөө дунд оршин тогтноод болоод л байсан. Манай дарга нар ухаарах цаг болжээ. Та бүхнийг бидэнтэй уулзаад тодорхой түвшинд ойлголцчихсон уул уурхайгаа ухуулахад бэлэн гэж хэлүүлж, тархи угаалгахаар явуулсан юм шиг байна. Тэгээд болохгүй бол хуулиа батлаад бүгдийг нь шоронд хийх гэж байгаа байх” хэмээн хурал хийсэн удирдлагуудад хэлсэн юм. 

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: ДИЗЕЛЬ ТҮЛШ ЛИТР НЬ 700, ТАЛХ 1200 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

        Ард түмнийхээ өмнө "байцаалтад" орж, шатахуун, талхны үнэ мэддэггүй гишүүн нэгээр нэмэгдлээ хэмээн Сүхбаатар дүүргийн иргэд ам уралдан ярьцгааж байна. Учир нь,  Сүхбаатар дүүргээс сонгогдсон Д.Цогтбаатар гишүүнийг иргэд нь "Сонгуулиас хойш анх удаа бидэнтэй уулзаж байна" хэмээж тулгамдаж буй асуудлуудаа ярьж, ойлгуулж, шийдэж өгөхийг анхааруулж байсан юм. Энэ үеэр иргэд  Д.Цогтбаатар гишүүнээс "Ард иргэд ямар нөхцөлд, юу хэрэглэж яаж амьдарч байгаа вэ. Талх, дизель түлш литр нь хэдэн төгрөг вэ?" гэж асуусад тэрбээр “Дизель түлш литр нь 700 төгрөг, АИ-92 шатахуун литр нь 5000, талх 1200 төгрөгийн үнэтэй” хэмээж түмний өмнө ичгэвтэр байдалд орж байсан юм. Харин иргэд түүний хариултад халаглаж, “Ард иргэдтэйгээ харилцаа холбоотой, монголчуудынхаа амьдралыг мэддэг, асуудлыг нь шийдэж өгдөг” байхыг шаардсан юм. Мөн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн, иргэд бухимдалтай, хүүхдүүд нь сурах цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярих тохиромжгүй байна. Энэ янзаараа байвал нийслэлийн гэр хороолол иргэд улам бүр ядуурах нь” хэмээн бухимдаж байсан юм.
        Энэ мэтчилэн УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног ард түмэндээ толгойгоо эргэтэл загнуулж, ажилласан байдал, сонгуульд нэр дэвшихдээ хэлж байсан үгнээсээ нүүр хийх газаргүй болтлоо ичиж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн хуулийн төслийн талаар ярьж, иргэдийнхээ саналыг сонссон дүр эсгэж, өнөөдрөөс танхимдаа цугларцгааж байгаа биз. 


https://ergelt.mn/news/1/single/22457скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ