Казахын ард түмний цээрлэх ёсон бусад нүүдэлчин ард түмнүүдийнхтэй төстэй. Цээрлэл нь байгаль, газар устай хүйн холбоотойгоос улбаалсан гэлтэй. Түүнчлэн төр түмнээ хүндлэх, хүнлэг ёсыг дагаж хүндэтгэхтэй ч холбоотой. Тэдний зармыг нь доор танилцуулж байна.
Хүнлэг ёсыг дагахтай холбоотой цээр:
- Эцэг эхээ үл хүндлэх, гомдоох;
- Хүнийг алах;
- Худал хэлэх;
- Хулгай хийх;
- Андгай тангарагаасаа буцах;
- Нэг нэгэндээ хүч хэрэглэх;
- Хөрштэйгээ муудалцах;
- Хүмүүсийг гаднаас нь муулах;
- Ядуу, өнчин өрөөснийг гомдоох, адлах;
- Ахмад настай хүмүүстэй хамт сууж байхад түнээс түрүүлж үг хэлэх, идээ будаанд гар хүрэх;
- Охид, эмэгтэйчүүдийг доромжлох;
- Ил задгай хувцаслах;
- Охид, эмэгтэйчүүд, нялх хүүхэд рүү шунаж ширтэх;
- Ахмад настан, өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг халамжлахгүй байх;
- Хутганы үзүүр, хоосон бууны хонгилыг хүн рүү чиглүүлэх;
- Хүнд хуйгүй хутга бэлэглэх;
- Хүүхэдгүй хоосон өлгийг хөдөлгөх;
- Гал руу нулимах;
- Жирэмсэн эмэгтэй үсээ тайруулах;
- Талх, будааг хаях;
- Хаалганы босго, довжоо гишгэх, хэрж зогсох;
- Шөнө дөлөөр ус барих, үс, хумс авахыг цээрлэнэ.
Төр түмнээ хүндлэхтэй холбоотой цээр:
- Төрдөө үл захирагдахыг хатуу цээрлэнэ. "Эзэн чинь эрлэгийн чөтгөр байлаа ч зарлигийг нь дага", "удирдагч хүн бол бурхны газар дээрх элч" гэдэг. Ард түмэн, улс орондоо аюул занал нүүрлэхэд эрчүүд зугтаж дүрвэхийг хориглодог.
Шашинтай холбоотой цээр:
- Аллах эзнээ үгүйсгэх, түүнтэй хамт өөр зүйлийг тахин шүтэхийг цээрлэнэ;
- Цусалж төхөөрөөгүй малын мах, гахайн мах идэх;
- Албан ёсоор гэрлээгүй үед, эсвэл эхнэр, нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох, дотно харилцаа үүсгэх;
- Нохойных шиг шүдтэй ан амьдад, идэшээ сарвуугаараа барьдаг шувуудын мах идэх;
- Согтууруулах ундаа уух;
Байгаль, газар устай холбоотой цээр:
- Нар, сар луу харан морь харах;
- Гол мөрөн, гал, ус, үнс, малын хот, булшин дээр бие засах;
- Гэмгүй амьтныг хөнөөх;
- Шувуу, шоргоолж, зөгийний үүрийг эвдэх, өндгийг нь бяцлах;
- Удган модыг тайрах;
- Ургаа мод цавчих;
- Нялх ногоо зулгаах;
- Буга, тэх, угалз, хун, хойлог, ангир мэтийн амьтдыг намнах;
- Хотонд зөнгөөрөө орж ирсэн анг хороох;
Малтай холбоотой цээр:
- Морь малыг зодох;
- Моринд буруу харж мордох;
- Хоосон эмээл унах;
- Сүү саалийг газар, усанд дусаах;
- Зэл, хөгнө, аргамж, ач модыг гишгэж алхан гарах;
- Ботго, унага руу шунаж ширтэх;
- Нядалсан малын цусыг бусад малын нүдэнд харуулан асгах.