Монгол улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Алтанбулаг сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулсан. Тэгвэл сүүлийн 3 жил ажлаараа аймагтай тэргүүлсэн “Аймгийн хошой Тэргүүний сум”, 2020 оны “Төвийн бүсийн шилдэг сум”-аар шалгарсан амжилтуудаа бататган “Монгол Улсын Тэргүүний сум”-аар шалгарсан Алтанбулаг сумын шагналыг гардууллаа.
Алтанбулаг сум нь 2017-2021 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төвлөрсөн халаалтад холбогдож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.7 км хатуу хучилттай авто зам, спорт заал, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийснээс гадна аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээр орон нутагт шаардлагатай олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Газарзүйн байршлын хувьд төвийн бүсийн төвдөө, томоохон зах зээл, дэд бүтцийн зангилаа бүс нутагт байрладаг бөгөөд УИХ болон Засгийн газрын шийдвэрээр Шинэ Зуунмод хот, Богдхаан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, тээвэр ложистикийн төвийг хөгжүүлэх зэрэг бүс нутагт хэрэгжих үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудын зарим хэсэг нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хийгдэх юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд хамрагдах 11 сумын нэг, төвлөрсөн халаалтын системд холбогдсон 25 сумын нэг Алтанбулаг сум нь Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хоршоо, кластерыг амжилттай хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн түшиц сум, “Халамжаас хөдөлмөрт шилжсэн анхны сум” гэдгийг онцлох нь зүйтэй.
Түүнчлэн Төв аймаг 8 жилийн дараа ийнхүү хоёр дахь “Улсын тэргүүний сум”-тай болж байгаа нь энэ юм.