Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулж байна.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчдын төлөөлөл “2020-2022 оны хугацаанд шинээр 10 лиценз нэмж олгожээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ маллах гол зүйл нь бэлчээр. Гэтэл бэлчээр, говийн системийг доройтуулж байгаа зүйл нь уул уурхайн салбар байна. Уул уурхайн ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай олгодог. Тиймээс лиценз 30 жилийн хугацаатай олгохгүй байхыг Засгийн газар болон ҮАБЗ-өөс шаардаж байна. Мөн говийн бүс нутагт уул уурхайн бүтээгдэхүүн олборлохдоо гүний цэнгэг усаар угааж байна. Иймд говийн цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хориглохыг, малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөхийг шаардаж байна. Нийт 10 шаардлага хүргүүлж байна.
Бид төрдөө хүндэтгэлтэй хандаж, чимээгүй байсан. Бидний амьдрал хэцүү байна. Өнөөдөр Даланжаргалан сумын малчдаас гадна Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр,Дундговь аймгийн малчдын төлөөлөл ирсэн байна. Бид 24 цагийн хугацаатай шаардах бичгээ төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа. Бидэнд хариу өгөх байх гэж итгэж байна. Бид дараа дараагийн арга хэмжээнүүдээ авна. Гэхдээ бид үймээн самуун гаргахгүй ээ. Малчид бид өөрсдийнхөө төлөө явж байна.
..Усгүй болж байна. Бид 40.000 мал усалдаг байсан. Гэтэл өнөөдөр дөрвөн айлын мал усалж чадахгүй байна. Бид усныхаа төлөө тэмцэж байна. Малыг маань ээж маань хараад үлдсэн. Дахиж битгий лиценз олгооч гэж гуйж байна.
...Лиценз нэрээр газар нутгийг минь битгий худалдаач. Малчдад амьдрах газар, худаг ус, өвөлжөө, хаваржаа бууцыг минь үлдээгээч хэмээн нэгдэн цугларч байна. Малчдад газар нутгийг минь үлдээгээч, газар нутаг худалдан борлуулахыг хориглооч хэмээн энд цугларсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэж мэдээллээ.
М.Насан
http://www.shuud.mn/a/540803