Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг нь гэр хорооллын бүсэд буюу Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг 2017 онд Япон улсын буцалтгүй тусламж, 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, тав дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ юм. Эдүгээ таван бүлэгт 2-5 насны 150 гаруй хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол олгож буй.
Ингэхдээ “цодгор хүү”, “бяцхан урлаач”, “эв долоо”, “дөрвөн бэрх”, “эх хэл” гэсэн өөрийн өөрийн онцлог бүхий таван ангийг тохижуулж, хүүхдүүдээ хөгжүүлж иржээ.
Энэ цэцэрлэгийн хамт олон хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг зургаан чиглэлээр тэгш дэмжин ажиллах явцдаа монгол ардын уламжлал, ёс заншлыг дээдэлсэн тоглоом наадгай,шагай,аман зохиолын өв зэрэг олон арга, хэрэглэгдэхүүн ашиглаж байна.
Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан тус цэцэрлэг нь өдгөө 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтнуудын 90 хувь нь 25-30 насны залуу үеийнхэн юм.
Тус хамт олон 2021-2022 оны хичээлийн жилд “Багш ажилтны ёс зүйн хэм хэмжээ, харилцаа, хандлагыг сайжруулан, эцэг эх, олон нийтийн оролцоотой хүүхэд бүрийг хайрлан хүндэтгэж, эх хэлээрээ зөв ярьж, сэтгэн бодох ардын сурган хүмүүжүүлэх ухаанд тулгуурлан хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлжээ.
Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг ашиглалтад орсоны таван жилийн ойн баяр энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд тохиож байна.
Орчноо тохижуулах, хүүхэд бүрт чанартай боловсрол олгохын төлөө хичээн ажиллаж ирсэн тус цэцэрлэгийн хамт олон таван жилийнхээ ойн хүрээнд таван онцлог, бүтээлч ажил өрнүүллээ.
Тодруулбал, цэцэрлэгийн бүх бүлгийн эцэг эхчүүдийн дунд спорт тэмцээн зохион байгуулах, хандивын аян өрнүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд цэвэрлэгээ хийх, монгол ардын бий биелгээ сурч, түгээн дэлгэрүүлэх, анги бүрийн онцлогт тулгуурлан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа гэсэн таван ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж, өнөөдөр тайлагналаа.