Ховд аймгийн Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгийн хамт олон “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдаан зохион байгуулжээ.
Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг түр зогсоосон.
Тиймээс Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад бүлгүүдийн сургалтын төвийн баяжилт хийх, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжсэн дасгал даалгаврыг хүртээмжтэй байдлаар бэлтгэх, хөдөлгөөнийг дэмжсэн уламжлалт тоглоом, ёс заншил, түүх, соёл, онцлогийн талаарх арга зүйн зөвлөмж боловсруулах зэрэг хэд хэдэн чиглэл өгчээ.
Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгээс “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдааныг энэ оны нэгдүгээр сарын 6-21-ний өдөр зохион байгуулав.
Тус цэцэрлэг нь 26 багш, ажилтантай бөгөөд 250 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлдэг. Иймээс “Цагаан сар” бүтээлч уралдааны хүрээнд багш, ажилтнууд 6 багт хуваагдан ажиллаж, ардын уламжлалт ёс заншлыг тусгасан, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжсэн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрсдийн гараар урлан бүтээж, арга зүйн зөвлөмж боловсруулсан байна.
Түүнийгээ энэ өдөр хамт олныхоо дунд нээлттэй танилцуулж, давхардсан тоогоор 62 төрлийн 870 орчим хөлөгт тоглоом, 30 төрлийн 600 гаруй оньсон тоглоомоор сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт хийжээ.
Эдгээр оньсон болон хөлөгт тоглоом нь хүүхдүүд багаар болон ганцаарчилсан байдлаар тоглох боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмжтэй, хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт тохирсон хүртээмжтэй, бусдыгаа дэмжсэн, шинийг эрэлхийлсэн, хүүхдийн сонирхлыг татахуйц, бүтээлч үйлийг хөгжүүлсэн зэрэг онцлогтой гэж багш нар хэлж байлаа.
Ийнхүү Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгийн хамт олон сургалтын хэрэглэгдэхүүнээ бүтээлчээр баяжуулахаас гадна монгол ахуй, уламжлалыг харуулсан ангийн буланг үе шаттай тохижуулж, цэцэрлэгийн дотоод орчны тохижилтыг сайжруулах, хүүхдийн сурч хөгжих боломжийг өргөжүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.